Соёлын өв, түүх, дурсгалын хамгаалалт, хууль бус эргэлттэй тэмцэх, түүний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг судлаач Б.Баярбаттай ярилцлаа
-Дэлхий дахинд техник, технологи өндөр хөгжиж байгаа өнөө цагт түүх, соёлын хөдлөх дурсгал, эд өлгийн зүйлсийг дуурайлган яг ижил байдлаар хийх боломжтой. Ийм нөхцөлд олон мянган жилийн түүхийн дурсгал, археологи, палеонтологийн олдвороо хэрхэн хадгалж, хамгаалах ёстой юм бол оо?
-Хиймэл оюун ухаан өндөр хөгжиж байгаагийн хэрээр үнэнийг худал, худлыг үнэн болгох асуудал цаашид үндэстний түүх, язгуур сэтгэлгээнд том эрсдэл үүсгэж болзошгүй. Өөрөөр хэлбэл, таны асуусан шиг нөхцөл байдал бий болохыг үгүйсгэх боломжгүй. Тиймээс бид соёлын өвөө хамгаалах чиглэлээр угтаж буюу үндэсний урьдчилан сөрөн тэсвэрлэх чадамж, дархлаа, аюулгүй байдлыг бий болгоход тодорхой зорилготой, арга аргачлал, гүйцэтгэл, үр дүн гаргаж ажиллах цаг ирсэн. Түүх, соёлоо хамгаалах асуудлын хувьд дотооддоо л тэмцэх бодлого явуулдгаас биш, гаднын нөлөөлөл, аюулаас сэргийлэх чиглэл нь бодит байдалд ямар байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Иймд энэ чиглэлээр гадаадаас нөлөөлж байгаа ил болон далд хэлбэрийн төрөл бүрийн зорилтот үйл ажиллагааг саармагжуулах үр дүнтэй, тодорхой дэс дараалалтай ажил зохион байгуулах хэрэгтэй гэж үздэг. Түүх, соёлоо хамгаалах гэдэг нь үндсэн язгуур чанараараа улсынхаа бүрэн бүтэн байдал, үндэстний хэв шинж, язгуур оюуны сэтгэлгээг гаднын нөлөөллөөс ангид байлгах асуудал. Тиймээс нэн тэргүүнд тавигдах ёстой үндэсний хамгийн дээд тусгаар тогтнолын эрх ашиг юм л даа. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэдгийг гаднын зэвсэгт халдлага, дайн байлдаанаар төсөөлөөд байдаг. Гэтэл мөн чанартаа ард түмний оюуны тусгаар тогтнолыг хамгаалах нь үндэсний аюулгүй байдлын маш чухал баталгаа, оюуны язгуур сэтгэлгээний асуудал юм. Тэгэхээр энэхүү оюуны язгуур сэтгэлгээний өвийг хамгаалахад цаашид анхаарах хэрэгтэй. Эс бөгөөс тун удахгүй оюуны тусгаар тогтнолоо алдаж ч мэдэх эрсдэл үүснэ.
-Үүнээс хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, дэлхий нийтээр цахимжсан энэ үед гадаадаас оюуны тусгаар тогтнол, үндэсний түүх, соёлын аюулгүй байдалд аль хэдийн дайралт хийж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Үе шаттай далдалсан ажиллагаа явуулж байгаа гэдэг нь тодорхой болсон. Үүнийг улс үндэстэнд дайсагнасан асуудал гэж ил тодоор гаргаж тавих ямар ч боломжгүй. Баримтаар тогтооход ч бэрх. Гагцхүү сөрөн тэсвэрлэх, тэмцэх ажлыг өндөр стратеги бодлогоор хэрэгжүүлэх нь нэн чухал. Дотооддоо оюуны тусгаар тогтнолоо хамгаалах, гаднаас энэ дархлааг үгүй хийх тэмцэл олон зууны туршид үргэлжилсээр ирсэн. Оюуны тусгаар тогтнол гэдгийг үндэстэнд чиглэсэн нөлөөллийн зорилтот ажил гэж ойлгож болох юм.
Дэлхийн улс орнууд үндэстнийхээ оюуны тусгаар тогтнолыг хамгаалахад анхаарч идэвхтэй ажил өрнүүлэх болсон. Шулуухан хэлэхэд, монгол хүний язгуур шинж, оюун сэтгэлгээний талаар судалгаа хийвэл маш их санаа зовоосон дүгнэлт гарах нь тодорхой. Үүнийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах, асуудал дэвшүүлэх цаг болсон. Оюуны тусгаар тогтнолын баталгаа хэдий өндөр байх тусам нийгэмд үүссэн элдэв сөрөг үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Улмаар нийгмийн болон хүмүүсийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарч, үндэсний эх оронч үзүүлэлтэд сайн нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байна. Өөрөөр хэлбэл, гадаад орнуудын нөлөөллийн өнгөт хувьсгал зэргээс хамгаалах дархлаа болно. Оюуны тусгаар тогтнол, түүх, соёлыг хамгаалах асуудал нь өөрөө улс орны бүх салбар нэгжтэй холбоотой, үндэстний оршин тогтнохын үндэс болсон, олон салаа мөчир бүхий модтой зүйрлэхүйц үнэлж болшгүй чухал чиглэл юм. Тиймээс цаашид оюуны тусгаар тогтнолын дархлаа үүсгэх үндэсний аян зохион байгуулах хэрэгтэй болов уу гэж боддог. Магадгүй ямар нэг байдлаар, ил болон далд хэлбэрээр энэ асуудалд гаднын нөлөөлөл, үгүйсгэх хандлага хувь хүн, хэсэг бүлэг этгээд, албан тушаалтнаас ирэхгүй гэх газаргүй. Энэ нь шууд утгаараа монгол хүний язгуур чадварын кодыг хамгаалах, уламжлуулах, дахин сэргээх хэтийн зорилтот стратеги гэдэгт гол асуудал оршино.
-Гадаадын орнуудад аливаа үндэстний, тэр дундаа монголчуудын ДНХ-ийг судлах байгууллага их ажилладаг болсон гэлцдэг. Ийм байгууллагын ирээдүйн зорилго нь эрсдэл учруулах магадлалтай юу?
-Сүүлийн үед гадаад орчинд “Орчны мэдээллийн онол” гэх шинэ нэршил, түүний судалгааны бүтэц, үндэслэл зэрэгт онцгой анхаарах болсон. Энэ онолын талаар Бээжингийн их сургуулийн профессор Лү Ди гэх эрдэмтний 2023 оны нийтлэлд дэлгэрэнгүй тусгасан байгаа. Хятад улс даяар 100 гаруй эрдэмтэн, судлаач, магистр, доктор, оюутан тус онолын судалгааны багт ажиллаж байна. Мөн Орчны мэдээллийн онолын түвшинд улс, муж, хотуудыг хамран таван төсөл санаачлан 2019 оны ес, 2021 оны дөрөвдүгээр сард “Хятадын орчны мэдээллийн форум”-ыг зохион байгуулсан. Уг үйл ажиллагаанд Хятадын хэвлэл мэдээллийн бүх л байгууллага, Өвөрмонголын радио, телевиз, Төвөдийн “Өдрийн сонин”, бүс нутгийн хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байдаг. Энэ онолын тухайд товч тайлбарлахад “Аливаа бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын газар нутгийн хоёр тал буюу дотоодын болон олон улсын мэдээн дунд нэгдсэн шинж чанартай мэдээлэл дамжих хөдөлгөөний тухай” гэж ойлгогдоно. Нарийвчлан дүгнэхэд, энэ онол нь ямар нэг үндэсний ДНХ буюу генийг судалж өөрсдийн зорилтот ажиллагааг хэрэгжүүлэх тухай онол юм. Хөрш БНХАУ энэ чиглэлд мэргэжилтнүүд бэлтгэж байна.
-Монгол оронд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний нэрээр харийн олон экспедиц ажиллаж байсан түүх бий. Тэд түүх, соёлын өвийг судлаад зогсохгүй өөр далд санаа зорилго агуулж байсан гэх хардлага зарим судлаачийн дунд байдаг. Монголчуудын ухамсар, сэтгэлгээнд тухайн үедээ нөлөөлж чадаагүй нь бидний уламжлал, нүүдэлчин ахуйтай холбоотой байх магадлалтай гэж боддог юм.
-Дэлхийн даяарчлалын өнөө үед эх орноо хамгаалах үндсэн зарчим бол монгол хүн түүх, соёл, уламжлалаа дээдлэх, үнэт зүйлээ тодорхойлох нь чухал болоод байна. Тиймээс төрийн бүх байгууллага болон сургуульд “Монголын нууц товчоо”-ноос эшлэн шалгалт авдаг болгомоор байгаа юм. Ингэснээр хүссэн, хүсээгүй язгуур монгол үнэт зүйл, түүх, соёлоо дээдлэх ухамсар үүсгэх аргачлалын нэг хэлбэр байж болох. Энэ нь цаад утгаараа тодорхой түвшинд эх орон, түүхээ хамгаалах сэтгэлгээ үүсгэнэ гэж би хардаг. Монгол үндэстний оршин буйн кодыг тодорхойлох гэж гадаад орноос ямагт ил, далд аргаар ажиллагаа явуулж ирсэн байдаг. Тухайлбал, тодорхой түүхэн цаг хугацаанд Монгол Улсад ажилласан гадаадын экспедицүүд өөр өөрийн далд зорилготой байсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Үндэстний сэтгэлгээний дархлааг саармагжуулах нь Монгол гэдэг ухамсарт сэтгэлгээг үгүй болгож, цаашлаад эх орноо гэсэн үнэт зүйлгүй нийгмийн давхаргыг үүсгэнэ. Иймд гадаад орноос тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр устгах аюулын тухай ярихаас илүүтэй үндэсний язгуур чанар, сэтгэлгээ, үнэт зүйлийг үгүй хийж өөрийн үзэл суртлын хараат улс үндэстэн болгох зорилтот ажиллагаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бодох цаг ирсэн гэж санагддаг. Энэ чиглэлд өнгөрсөн, одоо, ирээдүй цагт ямагт тэмцэл өрнөсөөр ирсэн, цаашид үргэлжлэх л болно. Тиймээс бид гаднын нөлөөллөөс хамгаалах хамгийн чухал ухагдахуун нь монгол гэдэг үнэт сэтгэлгээг өндөрт гаргах юм.
-Жишээ нь яаж өндөрт гаргах гэж?
-Энэ дотор соёл, түүхийн үндэсний капиталыг бий болгож, гадаад зах зээлд хэдий чинээ эргэлтэд оруулан дэлхийд түгээж чадна, тэр хэмжээгээр үр дүн гарна. Жишээ, баримт дурдъя л даа. Одоогоос хэдэн жилийн өмнө, 2011 онд Монголд жуулчлахаар ирсэн Швейцарын хоёр иргэн монгол газарчин хөлсөөр ажиллуулж, хөдөө, орон нутагт байгаа хадны зураг, эртний түүхэн хөшөө, дурсгалын дүрс, түүн дээрх бичвэрийг тусгай зориулалтын цаасаар хуулбарлан авч гадаадад 500 гаруй еврогоор худалдахаар бэлтгэж байсан шүү дээ. Тухайн үедээ хэвлэлүүдэд ч энэ тухай нийтлэгдэж байсан. Тэгэхээр гадаадын жуулчин болгон сайн хүн биш, заримдаа үзэл бодлын дайсагнал, ашиг хонжоо тээж байдаг гэдгийг үүнээс харж болно. Харин бид монгол үнэт зүйл юу вэ гэдгийг хүний сэтгэлгээнд төлөвшүүлж чадвал дээрх аюулаас хамгаалах асуудал маш амархан шийдэгдэх боломжтой. Монгол Улсад эрт үеэс л энэ талаарх ухамсарт сэтгэлгээ сайн байсан. Хэдийгээр харь гүрний нөлөөнд орж байсан ч монгол гэх үнэт зүйлээ, түүх, соёлоо тээсээр ирсэнд л ач гавьяа нь оршиж буй юм.
-Гадаадын зарим орны кино манай телевизийн сувгуудаар их гардаг болсон. Энэ нь монголчуудад нөлөөлөх гэсэн зөөлөн хүчний бодлогын нэг хэлбэр биз дээ?
-Хэвлэл мэдээлэл, кино зэргээр монгол сэтгэлгээнд нөлөөлөх ажил ил бус хэлбэрээр явагдаж байгааг анхаарахгүй бол нэгэн жарны дотор монгол язгуурын үзэл ямар болсон байхыг төсөөлөхөд нэн бэрх санагддаг. Магадгүй цаашид дэлхийн нөлөөллийн бүс хуваагдах шинжтэй болсон цаг дор гадаад орнууд эртний түүхэн эх сурвалжийг гарган тавьж зорилтот үйл ажиллагаандаа ашиглахыг ч үгүйсгэхгүй. Гаднынхны энэ нөлөөллөөс үндэсний мөн чанар, үзэл бодлоо хадгалж үлдэх үндсэн арга, бодит баталгаа бол түүх, соёл юм. Дэлхийд хамгийн том эзэнт гүрэн байгуулж чадсан үндэстний үндсэн чадамж, сэтгэлгээний код буюу нууцыг олж тогтоох гаднын орнуудын бодлого өнөө цагт явагдаж байж болзошгүй. Улс орны тусгаар тогтнолын баталгаа бол ердөө л монгол хүний эх оронч үзэл. Монгол гэх үнэт зүйлийг хамгаалах, дэлгэрүүлэх, үндэсний баялаг болсон хүн төвтэй соёл, түүхийн сэтгэлгээг бодлогоор хамгаалах, судлаач, цуглуулагч, соёлын өвийг тээгч, түгээн дэлгэрүүлэгч нарт түшиглэн гадаадын жуулчдыг татах, бүтээгдэхүүн бий болгох ажлыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой. Эцэст нь хэлэхэд, түүх, соёлыг хамгаалах бодлого бол хүнтэй ажиллах стратеги байх ёстой.