Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23- ныг Дэлхийн ширээний теннисний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан “Хангарди” ширээний теннисний өдөрлөгийг өчигдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. “Хангарди” өдөрлөгийн үеэр зургаагаас доош болон 60-аас дээш насны ангилалд сонирхогчдын тэмцээн зохиов. Мөн 18-аас дээш болон доош насны төрөлд энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм. Түүнчлэн Монголын үндэсний болон БНХАУ-ын шигшээ багийнхны хооронд нөхөрсөг тэмцээн боллоо. Эл өдөрлөг нь иргэдийг эрүүл, идэвхтэй хөдөлгөөнд уриалах, энэ спортыг нийтэд сурталчлан таниулах зорилготой юм байна. Ширээний теннисээр хичээллэх нь тархины үйл ажиллагааг сайжруулж, стрессийг бууруулдаг давуу талтай. Мөн булчингийн масс, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг онцлогтой аж. Үүнээс гадна спортын бусад төрөлтэй харьцуулахад бэртэж гэмтэх нь бага гэнэ.
У.Сүрэн