Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэн найруулсан төслийг эдүгээ УИХ-аар хэлэлцэж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан уг төслийн нэрийг Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай болгон өөрчилжээ. Үүнийг анх 1994 онд баталж, нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. Харин одоо шинэчлэн найруулах гэж буй юм. Өнгөрсөн 31 жилд манай улсад жагсаал, цуглаан буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой олон ч хувьсал, өөрчлөлт өрнөжээ. Аливаа жагсаалыг эрх баригчдын буруу бодлого, шийдвэрийг эсэргүүцэж зохион байгуулдаг. Гэвч одоо эрх баригч тал нь өөрсдийгөө хамгаалан жагсдаг болов. Мөн төлбөртэй, захиалгатай жагсагчид ч хүрээгээ тэлсэн байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлснээр ийм тусгай “мэргэжил” хүртэл үүсэж, хэсэг хүний амьжиргааны эх үүсвэр, баяжих, албан тушаалд хүрэх шат болсон байх юм. Нэг байгууллага, улс төрийн хүчний эрх ашгийг хамгаалах, эсвэл аль аль талыг нь хагаралдуулах зорилготой, гадаадын оролцоотой гэх мэт олон жагсаал зохион байгуулж буй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхэж, татварын дарамт зэрэг төрийн буруу бодлогыг шүүмжилсэн иргэд хүслээрээ нэгдэхэд л дундуур нь үймүүлэгчид гарч ирж, жагсаал “булаадаг”. Тиймээс Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэн жагсаж, цуглах эрх чөлөөг хангахаас гадна хэрээс хэтэрч буй төлбөртэй, захиалгатай жагсагчдыг ч журамлах хэрэгцээ байгаа юм.
ЗӨВШӨӨРӨЛ ХЭРЭГГҮЙ
Жагсаал, цуглаан тойрсон гол асуудал зөвшөөрөлтэй холбоотой үүсдэг. Зохион байгуулагчид жагсахын тулд харьяа сум, дүүргийн Засаг даргад мэдэгдлээ хүргүүлж, бүртгүүлэх ёстой. Гэтэл эрх баригч намаас томилогдсон Засаг дарга “эзэн”-ээ хамгаална. Эрх баригчдыг эсэргүүцэн жагсахын тулд өөрсдөөс нь зөвшөөрөл авдаг энэ логик ч утгагүй юм. Тиймээс жагсаалыг нь бүртгэхгүй гацаадаг жишээ их. Ийм байдлаар иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах эрхийг зөрчдөг. Жагсаал, цуглаан хийлгэх, үгүйг анхан шатны нэгжийн Засаг дарга мэддэг гэсэн үг. Хуулийн дагуу бол жагсаал зохион байгуулагчид энэ тухай мэдэгдлээ хүргүүлж, Засаг дарга ажлын гурван хоногт бүртгэсэн, эсэх хариугаа бичгээр болон цахимаар өгнө. Засаг дарга бүртгэхгүй гэсэн бол жагсаал, цуглаан хийж болохгүй. Бүртгэлгүй жагсаалыг албадан тараах, үүнээс үүсэх хохирлыг зохион байгуулагчид хариуцах учиртай. Эрх чөлөөний эвсэл намынхан жагсах эрхээ боомилуулагчдын нэг жишээ болж байна. Тэд энэ оны нэгдүгээр сард “Засгийн газар огцор” хэмээх жагсаалыг хэдэн өдрийн турш зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Тэгвэл тус намынхан ахин жагсаал хийхээр нийт 13 удаа зөвшөөрөл хүссэн ч бүртгэхээс татгалзсан байна. Уг намаас энэ сарын 21-нд гаргасан мэдэгдэлд “Засгийн газар, Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан жагсаалыг зориуд гэмт хэргийн шинжтэй болгох үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Мөн жагсаалыг албаар бүртгэхгүй байх, давхардуулан өөр жагсаал хийх, мэдэгдэл хүргүүлсний дараа Сүхбаатарын талбайд гэнэтийн үйл ажиллагаа төлөвлөх зэргээр иргэдийн жагсаж, цуглах эрхийг хязгаарлаж, хохирол, үр дагавраар далайлган дарамт шахалт үзүүлсээр байна” гэжээ. Бүртгэлгүйгээр жагсчихвал албадан тараах хуультай ч энд бас давхар стандарт үйлчилдэг. Сүүлийн таван жилд манай улсад нийт 1200 орчим жагсаал, цуглаан болсон юм байна. Үүний 89.6 хувь бүртгэлгүй байсан хэмээх мэдээллийг ХЗДХЯ-наас өгөв. Салбарын сайд О.Алтангэрэл энэ талаар “Дийлэнх жагсаал бүртгэлгүй болдог, энд хоёр стандарт үйлчилдэг. Зарим жагсаалыг бүртгэлгүй гээд албадан тараадаг. Гэтэл зарим өөр зорилготой, эсвэл хэт олон хүн цугласан нөхцөлд тараадаггүй. Энэ бүхэн нь эцэстээ иргэд, цагдаа хоёрын хоорондын зөр чил болж даамжирдаг зовлон байна” гэв. Эрх баригчдыг шүүмжилсэн жагсаалд бүртгэх зөвшөөрөл өгөхгүй, өөр асуудлаар болохоор бүртгэлгүй жагсахад нь “хардаггүй”. Одоо тэгвэл энэ бүхэн угаас хамаагүй болох нь. Шинэчлэн найруулсан хуулийн төсөлд жагсаал хийхийн тулд бүртгүүлж, зөвшөөрөл авдаг байдлыг халжээ. Энэ асуудалд сум, дүүргийн Засаг дарга нар ч оролцохгүй. Жагсаал хийх тухай мэдэгдлийг 48 цагийн өмнө харьяа цагдаагийн байгууллагад хүргүүлээд л болно. Гагцхүү авто замын зорчих хэсэгт жагсаал хийх бол заавал бүртгэсэн, эсэх талаар хариу авна гэж төслийн 8.2-т тусгажээ. Жагсагчид авто зам хааж, энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулдаг учраас уг заалт байх нь зөв биз. Харин жагсаалын явцад зорилго нь өөрчлөгдөж, дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах, төрийн эрхийг хууль бусаар авах, нийгмийн хэв журамд хохирол учруулахуйц болбол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн албадан тараах шийдвэрийг Засаг даргын Тамгын газрын дарга нь гаргах юм билээ. Мэдэгдэлд жагсаалын зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана хэмээн одоогийн хуульд бий. Шинэчилсэн найруулгын төсөлд үүнээс “баримжаа” гэдэг үгийг хасжээ. Тухайн жагсаалыг дэмжиж яг хэдэн хүн ирэхийг хэрхэн урьдчилж тооцох юм, бүү мэд. Мөрдөж буй хуулиар жагсаал, цуглааныг нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал, эмнэлэг, Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэр зэрэг долоон газарт хийхийг хориглосон юм. Тэгвэл шинэчлэн найруулсан төсөлд хилийн боомт, хорих анги, түүний хамгаалалтын бүс, төрийн тусгай хамгаалалтын бүсэд жагсахыг хориглохоор нэмсэн байна. УИХ-ын Тамгын газраас гаргасан дүгнэлтэд “Жагсаал, цуглаан хийхийг хориглосон газрын жагсаалт, байршлыг өргөжүүлснээрээ иргэдийн эрхийг хязгаарлаж болзошгүй” гэж үзжээ.
“ХАМГААЛАХ ЖАГСААЛ”-ЫГ ХУУЛЬЧИЛНА
Одоо мөрдөж буй хуульд аливаа жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, зэрэгцээ жагсаал хийх хориотой. Гэвч Эрх чөлөөний эвсэл намаас Засгийн газрыг огцрохыг шаардаж жагсах үед зэрэгцээд хамгаалах жагсаал хийснийг уншигчид санаж буй байх. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна, огцруулъя гэхэд нөгөө талд нь “Ажлыг нь хийлгэе” хэмээн жагссан.
Мөн дээрх намынхны бие болон эд зүйлсэд халдахаас эхлээд саад хийх олон оролдлого гарсан юм. Тэгвэл шинэ төсөлд ийм “хамгаалах жагсаал” хийх эрхийг нээж, хуульчлах нь. Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллагаас улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор жагсаал, цуглаан зохион байгуулах эрхтэй. Одоо үүнийг сэдэв хамааралгүй болгон өргөжүүлсэн байна. Мөн хуулийн этгээдийн бүртгэлгүй байгууллагаас ч жагсаал зохион байгуулж болно. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж, сэдвийг нь нээж өгөнгөө төслийн 5.1.1-т “Ялгаатай үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх” хэмээн оруулжээ. Үүгээр “хамгаалах жагсаал”-аа зөвшөөрч байгаа аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Олон зөвлөмж авсан учраас нэг дор ямар ч үзэл бодлоор, хэдэн ч жагсаал зохион байгуулж болно, үүнийг хязгаарлахгүй байхаар тусгасан. Тухайн индрийг иргэд ашиглаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэж үзсэн” гэсэн юм. Засгийн газар, эрх баригчдыг эсэргүүцэн жагсах үеэр хамгаалах арга хэмжээ авч, хүчийг нь сарниулах оролдлого хийдэг хариу үйлдлээ ийнхүү албан ёсны болгон хуульчлах гэж байна. Энэ нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд “халдах”, шаардлагын хүчийг сулруулах нэг алхам биш гэж үү. Иргэдийн эрхийг хангах нэрээр өөрсдийнхөө ажлыг зохицуулж, нэг сумаар хоёр туулай буудах нь.
ТӨЛБӨРТЭЙ, ЗАХИАЛГАТАЙ ЖАГСАГЧИД
Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал, цуглаан хийх эрхийн хүчийг сулруулж буй нэг “толгойн өвчин” бол төлбөртэй, захиалгатай жагсагчид юм. Эдний төлөөлөл болсон хэсэг хүн өнгөрсөн долоо хоногт ураны ЗөөвчОвоогийн ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын биед халдав. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь ураных. Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг” компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад буй. Үүний сургаар тэмцэгчид гарч ирсэн. Ямар үндэслэл, шалтгаантай гэдгээ тайлбарлаж, баримтаар няцаах чадвартай хүн тэдний дунд ховор. МҮОНТ-ээс зохион байгуулсан мэтгэлцээнээс бид уран эсэргүүцэгчдийн чадамжийг харсан. Тиймээс тэд зү¬ гээр л муйхраар эсэргүүцэх, элдэв зураг үзүүлэн олон нийтийн тархийг угаах, илүү чанга хашхирах үүрэгтэй, захиалгын тэмцэгчид хэмээн хардах хүн ч олшроод байна. Эх орноо бодсондоо тэмцэж байгаа нь тун цөөн байх. Аливаа жагсаал, цуглаан бүрд шахам тэргүүн эгнээнд явдаг “тэмцэгчид” тэдэнтэй нэгдсэн нь үүний баталгаа. Тэдний төлөөллийг дээрх компанийнхан хүлээн авч уулзаж, учир байдлаа ярих гэсэн биш, захирал нь зодуулаад дуусав. Нэг мега төслийг нь хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч компанийн гүйцэтгэх захирлыг “тэмцэгч” эмэгтэй зодож, “ална” хэмээн сүрдүүлж байхад Засгийн газраас байр сууриа илэрхийлээгүй байна. Уг нь эрх баригчдыг шүүмжилсэн энгийн иргэдийг барьж хориод, айлгаж ичээгээд байдаггүй бил үү. Гэтэл “тэмцэгч, жагсагчдад” ийнхүү ялгавартай хандаад байгаа нь “Засгийн газар өөрөө захиалагч нь юм биш биз. Ураны төслөө хөдөлгөх сонирхол байхгүй, нэг гараараа хийсэн мэт харагдаж, нөгөө гараараа эсэргүүцээд байна уу” гэсэн хардлага төрүүлэх болов. Эсвэл хамгаалах жагсаал хийхдээ тэдэнд захиалга өгдөг тул гар нь хөдөлж түвдэхгүй байна уу.
Хууль зүйн байнгын хороогоор уг төслийг хэлэлцэх үед зарим гишүүн төлбөртэй, захиалгат жагсагчдын талаар хөндсөн юм. Тулгамдсан асуудлаар шаардлага тавин жагсах үед зорилгыг нь өөрчлөн “булаах”, төлбөртэй, захиалгатай жагсаал хийдэг тухайд судалгаа хийсэн, эсэхийг гишүүн О.Номинчимэг асуусан. “Төлбөртэй жагссан, мөнгө тараасан тухай хардлага гардаг ч ийм шалтгаанаар шалгасан, хариуцлага тооцсон тохиолдол байхгүй. Зөрчлийн тухай хуулиар сүүлийн таван жилд нийт 84 хэрэг бүртгэж, 68 хүнд торгуулийн арга хэмжээ авсан” гэсэн мэдээллийг ХЗДХЯ-наас өгсөн. Гишүүн Б.Энхбаяр “Ард түмний нэр барьж, жагссаар тэрбумтан болчихсон хүмүүс байна. Үүнийгээ ч ил тод хэлдэг, олон нийт мэддэг болсон. Одоо тэднээс татвар авъя. Хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглүүлье” гэсэн юм. Төслийг хэлэлцэх явцад энэ саналыг тусгаж, жагсаалаас төрсөн тэрбумтнуудаас татвар авч, төсөвт төвлөрүүлэх талаар судалж болно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариулна лээ.
Хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ хэмээн төсөлд заажээ. Иргэн, хуулийн этгээдийн тухайд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах аж. Нэгэнт хуулийг шинэчлэн найруулж буй тул үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бусдыг доромжлон гутаах, биед нь халдах гээд ойлгочихсон, ард түмний нэр барьж, төлбөртэй, захиалгатай жагсдаг хүмүүст хатуу хариуцлага тооцох зохицуулалт тусгах хэрэгтэй. Үгүй бол эл гажуудсан эрх чөлөө нь улс орны эдийн засаг, гадаад нэр хүнд, хамтын ажиллагаанд ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрэх нь.