Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр, "Хөгжлийн Банкийг экспорт, импортын банк болгох хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамгаалах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Засгийн газар ажиллаж байна.
Төр түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-50 хувийг Үндэсний баялгийн санд эргүүлэн авч, хүн бүрд үр өгөөжийг хүртээх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. 2007 оны тогтоолд нийтдээ 39 стратегийн орд байсан. Зөвхөн нэг ордыг ярихад л олон асуудал гарч байгаа. Иймд хяналт шинжилгээ хийж байна.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болголоо" гэлээ.