БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн дарга Жан Ёнг Чол болон Сунчон хотын Эрүүл мэндийн төвийн захирал, цээжний хөндийн мэс засалч Ким Дэ Еон тэргүүтэй төлөөлөгчид ХӨСҮТ-д зочиллоо. Тус нийгэмлэг нь 2016 оноос хойш манай сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөл¬бөрүүдийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулж, сүрьеэд өртөх эрсдэлтэй бүлгийнхнийг илрүүлэх, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2022- 2023 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн сүрьеэтэй өвчтөний ойрын хавьтал болох 13 439 хүнийг үзлэгт хамруулж, сэжигтэй шинж тэмдэгтэй 1157 хүнээс сорьц авч шинжлэн, 264 тохиолдлыг эрт үед нь оношилсон байна. Түүнчлэн үзлэгийн явуулын баг байгуулсан нь одоо ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж. Гэрийн үзлэгийн үр дүнд 2022-2025 онд 2041 хүнийг лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
ХӨСҮТ болон БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийнхэн 2024-2026 онд мөн хамтран ажиллах төсөл хэрэгжүүлж буй бөгөөд үүний хүрээнд үндэсний лавлах лаборатори, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Сүрьеэгийн диспансерийн лабораторид цуснаас сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг нэвтрүүлжээ. Аппарат, урвалж оношлуур, дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нь ч бас нийлүүлсэн байна. Сүрьеэгийн нянг цэрнээс бус, цуснаас илрүүлэх шинэ арга нэвтрүүлснээс хойш 16 хүртэлх насны 1988 хүүхдийг шинжилгээнд хамруулсан гэнэ. Үүнээс 436 тохиолдлыг эрт үед нь илрүүлснээ албаныхан мэдээлсэн. Үүний үр дүнд хүүхдүүдийн 60 гаруй хувийг урьдчи¬лан сэргийлэх эмчилгээнд хамруулж чаджээ. Энэхүү хамтарсан төслийг 2026 он дуустал үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, ялангуяа хүүхдийн сүрьеэгийн чиглэлээр хүний нөөцийг чадавх¬жуулах, оношилгооны шинэ технологийг бусад лабораторид нэвтрүүлэхээр зорьжээ.
О.Ундрах