Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27- нд зарласан. Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас Туулын хурдны замын тендерийг дахин зарлахаар болжээ. Энэ нь Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэгт тооцогдож буй бөгөөд хотын зүүн талдаа Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 км урт зам юм. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлж, олон улсын экспресс зам буюу гэрэл дохиогүй, зорчигч 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтойгоор төлөвлөжээ. Мөн төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 метрийн урттай гүүр, долоон байршилд 370 метр үргэлжлэх туннель барих аж.
Ч.Болор