Техник, технологийн эрин үе хэдийн эрчээ авч, хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай зэрэгцэн амьдарчбайна. Эсээ бичүүлэх, бодлого бодуулах, хүссэн мэдээллээ хурдан шуурхай олж авахын тулд “Chat gpt” тэргүүтэй хиймэл оюун ухаанд суурилсан олон төрлийн платформыг өргөнөөр ашиглах болсон. Тэр ч бүү хэл хиймэл оюун ухаанд сэтгэлээ уудлан, зөвлөгөө авах явдалэрчимтэй нэмэгдэж буй. Бизнесийн удирдлага, сэтгэл судлалын салбар луу залуусшуурахын хэрээр байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцах хүнцөөрч байна. Иймд бодлогын түвшинд анхаарахгүй бол цаашид шинжлэх ухаанд байдгаа бариад ч нэмэргүй болох эрсдэлтэйг салбарын мэргэжилтнүүд нь сануулсаар байгаа. Физикийн шинжлэх ухаан нь бидний амьдралд өдөр бүр хэрэглэдэг технологиос эхлээд үндэсний аюулгүй байдал, бүтээн байгуулалтын ирээдүйг тодорхойлдог үндсэн суурь мэдлэг юм. Бидний ашиглаж буй ухаалаг гар утас, хиймэл дагуул, цахилгаан сүлжээ, эмнэлгийн төхөөрөмж гээд бүгдийг нь физикийн хууль, зарчмуудад тулгуурлан бүтээдэг.
Өөрөөр хэлбэл, физик нь ердөө хичээл төдий биш, харин хүн төрөлхтний ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч юм. Тиймээс байгалийн шинжлэх ухааныг орлох хиймэл оюун гэж хаана ч байхгүй гэсэн үг. Мөн эл шинжлэх ухаан нь сурагчдад суурь мэдлэг олгож, логик сэтгэлгээ, аналитик чадварыг нь хөгжүүлдгээрээ онцлогтой. Тиймдээ ч бусад салбар хооронд шилжин хөрвөхдөө сайн аж. Тухайлбал, физикийн хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан тухайн мэргэжлээрээ биш ч электроник инженер, IТ суурьтай мэргэжилрүү хөрвөх бүрэн боломжтой гэнэ. Тэгэхээр физикээр суралцлаагээд зөвхөн физикч, химийн анги төгслөө гээд заавал химич болох албагүй юм. Тэгвэл хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа хими, биологи, физик, математикийн олимпиадад идэвхтэй оролцож, дээгүүр байр эзэлсэн атлаа энэ мэргэжлээр суралцахгүй байгаагийн гол шалтгаан нь юу бол.
ХИМИЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦОГЧДЫН ОЛОНХ НЬ ХУВИЙН СУРГУУЛИЙНХ
Манай улс сүүлийн жилүүдэд сурагчдаа байгалийн ухааны олон улсын олимпиадуудад оролцуулахньнэмэгдсэн. Оролцсон сурагчдын олонх нь медальтай ирдэг гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, СаудынАрабын Эр-Риад хотноо өнгөрсөн жил зохион байгуулсан олон улсын химийн 56 дугаар олимпиадад манай улсын баг оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм. Иймд “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, МУИС-ийн Химийн тэнхимийн ахлах багш Б.Сүхбаатараас байгалийн шинжлэх ухааны ач тус, яагаад сонгон суралцах хэрэгтэй талаар лавлалаа. Тэрбээр “Байгалийн ухааныг зөвхөн Монголд ч бус, олон улсад ч тун цөөн хүн сонирхон судалдаг. Учир нь байгалийн ухаан хүнд, сонирхон судлахад хүчин чармайлт их шаарддаг юм. Тэр ч утгаараа дэлхий даяар цөөн хүн сонирхон судалдаг. Гэхдээ бусад оронд байгалийн шинжлэх ухааныг олон талаар сурталчилж байна. Гэр бүл, хэвлэл мэдээллийн орчинд үүнийг таниулах ажил тогтмол хийж, бодлогоор дэмждэг юм. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд дөнгөж шинжлэх ухаан хөгжиж, аж үйлдвэрийн хувьсгал өрнөж байх үед л шийдвэр гаргах түвшнийх нь хүмүүс бүх нийтийн боловсрол чухал гэдгийг ойлгосон. Боловсролтой байх тусам аж үйлдвэрийн хувьсгал эрчимжиж, эдийн засаг хөгжих боломж нэмэгдэхийг ойлгож л дээ. Тэр ч утгаараа боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд маш их анхаарч ирсэн. Тухайн улс орны хөгжил боловсролтой шууд хамааралтай. Тэгэхээр эхэлж боловсролдоо анхаарсан улс хамгийн түрүүнд хөгжинө. Өөрөөр хэлбэл, боловсролдоо мөнгөхаяж, түүнээсээ ашиг хүртэж сурах хэрэгтэй гэсэн үг. Манай улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжсэн. Тэгэхээр хувийн сургуулиуд сайн багш нарт өндөр цалин амлаж, ажилд авах нь аргагүй. Мөн химидээ сайн хүүхдүүдийг хувийн сургуульд хөнгөлөлттэй үнээр элсүүлдэг болсон. Хүүхдүүдчэнэсонголтыгхийжбайгаа. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ үүнд бүх багшийг хамааруулж ойлгох нь өрөөсгөл. Ажил мэргэжилдээ үнэнч хүн олон бий. Угтаа бол улсын сургуулийн цалин хангамж сайн байвал ийм асуудал гарахгүй шүү дээ. Ер нь сайн багшийг хувийн сургуулиуд цалин хангамж амлаж, сайхан санал тавьсаар авчихдаг. Тэгээд л хувийн сургуулийн сурагчдын химийн хичээлийн түвшин нэмэгддэг. Мөн сүүлийн үед олон улсын олимпиадад өндөр байр эзэлсэн сурагчдын хувийн сургуулиуд сургалтын төлбөрийг нь хөнгөлүүлж элсүүлдэг болсон” гэв.
“БАЙГАЛИЙН УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАРЫГ БОДЛОГООР ДЭМЖИХ ЁСТОЙ”
Нэгэн жишээ дурдахад, хими, физик, биологи гээд байгалийн ухааны чиглэлээр академик түвшний мэдлэг олгодог Монголдоо цор ганц гэж болохоор МУИС-ийн Байгалийн ухааны салбарт элсэгчийн тоо сүүлийн таван жилийн турш цөөрсөөр 2024-2025 оны хичээлийн жилд 6.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухай тус сургуулийн Шинжлэх ухааны сургуулийг захирал Б.Болд-Эрдэнэ мэдээлж байв. Улмаар нийгэм болон хүмүүнлэгийн ухааны салбарын оюутнуудын төлбөрөөр байгалийн ухааны багш нарыг цалинжуулдаг болжээ. Тэрбээр “Эл салбарын санхүүгийн алдагдал 4-5 жилийн өмнөөс л эхэлсэн юм. Шинжлэх ухааны сургууль нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны салбараас бүрддэг. Тиймээс тус салбарын алдагдлыг нийгэм, хүмүүнлэгийнхээс “зээлэх” маягаар нөхдөг байсан. Мөн байгалийн ухааны салбарт элсэх оюутнуудын тоо харьцангуй цөөрсөн. Энэ жил өнгөрсөн онуудынхтай харьцуулахад 60 аад элсэгчээр дутуу байна. Түүнчлэн нэг багц цагийн үнэлгээг нийгэм, хүмүүнлэгийнхтэй адилаар тогтоосон. Уг нь байгалийн ухаан дээрх хоёр салбараас илүү онцлогтой, нэмэлт хэрэглэгдэхүүн их шаарддаг. Тиймээс төлбөрийг илүү нарийвчилсан аргачлалаар тооцох ёстой. Тус салбарт 140 орчим багш ажиллаж байна. Мөн одоогоор бакалаврын 1500, магистр, докторын түвшний 300 гаруй оюутан суралцаж байна. Манай байгалийн ухааны салбар бол академик мэдлэг олгодог улсдаа ганц сургууль. Тиймээс байгалийн ухаан, инженерчлэлийн салбарыг төрөөс бодлогоор дэмжих ёстой” гэсэн юм. Мөн тэрбээр математик, технологи, уул уурхайн чиглэлээр гадаадад докторын зэрэг хамгаалсан залуус ажлаасаа гарч буйг онцоллоо. Зөвхөн тус сургууль бус, МУБИС-д элсэх оюутан ч цөөрчээ. Өөрөөр хэлбэл, манай улсад багшийг эрэлт нэмэгдэхийн хэрээр энэ мэргэжлээр суралцах хүн хомсдож байна гэсэн үг.
НИЙГМИЙН УХААНЫ ХИЧЭЭЛЭЭР ШАЛГУУЛАГСАД НЭМЭГДСЭЭР
Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс харвал 2021-2022 онд нийт 31 908 сурагч арванхоёрдугааранги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэнээс 30 629 нь элсэлтийн шалгалт өгчээ. Тэднээс давхардсан тоогоор 538 нь газар зүйн хичээлээр шалгалт өгсөн бол физикээр 7208, биологиор 5431, химиэр 5457, нийгмийн ухаанаар 16 499, англи хэлний хичээлээр 17 696 сурагч шалгуулсан байна. Харин 2022-2023 онд 33 135 сурагч ерөнхий боловсролын сургууль төгссөнөөс 31 870 нь элсэлтийн шалгалт өгсөн аж. Тэдний 6027 нь биологи, 803 нь газар зүйн хичээлээр шалгалт өгсөн гэнэ. Харин физикээр 8062, химиэр 6167, нийгмийн ухаанаар 18 742, англи хэлний хичээлээр 19 822 сурагч шалгуулжээ. Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилд нийт 33 369 сурагч эл шалгалтыг өгснөөс 1005 нь газарзүйн хичээлээр шалгуулсан байна. Харин физикээр 8357, биологиор 5842, химиэр 5902, нийгмийн ухаанаар 18 742, англи хэлний хичээлээр 19 822 сурагч шалгуулжээ. Үүнээс харвал төгсөх ангийн сурагчдын олонх нь нийгмийн ухаан болон англи хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгдөг аж. Харин 20 хүрэхгүй хувь нь л физик, хими, биологи зэрэг байгалийн ухааны хичээлийг сонгодог юм байна. Үүний гол шалтгаан нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын олонх нь нийгмийн ухаан, англи хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгдөгтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх хичээлүүдээр олон суралцагч шалгуулдаг, өрсөлдөөн ихтэй учраас яаж ч хичээсэн хэмжээст оноо бага байдаг. Харин биологи, хими, физикээр элсэлтийн шалгалт өгөх хүн харьцангуй цөөн. Тиймээс хангалтгүй хийсэн ч хэмжээст оноо нь нэлээд өндөр гардаг юм байна. Тэгээд л их сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэхэд хэмжээст оноо нь хүрэхгүй бол “Одоохондоо байгалийн ухааны салбарт орчхоод, шалгалт өгөөд л хүссэннийгэм, эдийн засаг руугаа шилжье” хэмээн аргацааж, байгалийн ухааны салбарыг сонгодог хүн ч цөөнгүй аж.
“СУРАХ БИЧГИЙН АГУУЛГАХҮНД, БАГШ ДУТАГДАЛТАЙ БАЙНА”
МУИС-ийн Химийн тэнхимийг 2022 онд хоёр оюутан төгсжээ. Тус сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулганы орлогч дарга, профессор О.Болормаагаас өдгөө элсэлт нэмэгдсэн, эсэхийг лавлахад “МУИС-ийн Химийн тэнхим нь хими, багш, химийн боловсрол, хэрэглээний хими гэсэн үндсэн гурван хөтөлбөртэй. Сүүлийн гурван жилд хими хөтөлбөрт 78, багш, химийн боловсрол хөтөлбөрт 31 оюутан элссэнээс 41 нь төгссөн. Энэ жил нийт 10 оюутан төгсөнө. Бид хэрэглээний хими хөтөлбөрийг 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 27 оюутан элссэн байна. Өмнөх жилүүдэд энэ чиглэлээр суралцах оюутнууд цөөрч байв. Хүүхдүүд байгалийн шинжлэх ухаанаас зайлсхийж буй гол шалтгаан нь нэгдүгээрт, сурах бичгийн агуулга хүнд. Багш нар ч сурах бичгийн агуулгыг бүрэн эзэмшээгүй гэх судалгаа бий. Хоёрдугаарт, багш нарын хүрэлцээ хангалтгүй. Ялангуяа алслагдсан дүүрэг, сумд химийн багш цөөн. Миний хувьд байгалийн ухааныг сонгон суралцах хүүхдүүд цөөрсөн нь үүнийг заавал бус, сонгон судлах хичээл болгосонтой холбоотой гэж боддог. Тиймээс бодлогын түвшинд шат дараатай арга хэмжээ авах ёстой. Мөн хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар хичээл заах нөхцөл боломж нь тааруу. Жишээлбэл, сурагчдыг хөрс, усны хээрийн энгийн судалгаанд хамруулж, богино хэмжээний баримтат кино үзүүлэх байдлаар онол, практик хослуулаад сонирхолтойгоор тайлбарлаж өгвөл тэд ойлгож, сонирхож эхэлнэ шүү дээ. Тиймээс элсэгчдээ нэмэгдүүлэх зорилгоор бид хөтөлбөр сурталчлах олон төрлийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. Тухайлбал, оюутнууд төдийгүй сурагчдад зориулан юүтүбд үнэ төл бөргүй подкастууд байршууллаа. Жишээлбэл, хөрсний шинжилгээг хэн, хэрхэн, ямар аргачлалаар хийдэг гэх мэт энгийн хэрнээ хүмүүсийн тэр бүр мэддэггүй асуултад эл подкаст хариулт өгөх юм. Миний хувьд байгалийн шинжлэх ухааныг энгийнээр харуулсан, хүүхдүүдэд мэдлэг олгох, танин мэдэхгүйн нэвтрүүлэг хийх хэрэгтэй гэж боддог. Наанадаж ямар ургамлын тос хэрэглэх нь хүний эрүүл мэндэд зохистой вэ гэх зэрэг амьдралд хэрэгцээтэй танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийг олноор хийх хэрэгтэй” гэсэн юм.
Харин тус сургуулийн Физикийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар “Физикгүйгээр инженерчлэл, инновац, технологийн дэвшлийг ярихад ч төвөгтэй. Үндэсний хэмжээнд энэ салбарыг орхигдуулах нь зөвхөн мэргэжлийн боловсон хүчний хомсдолоор зогсохгүй, тухайн улсын томоохон бүтээн байгуулалтууд тасалдаж, дэлхийтэй хөл нийлүүлэх чадамжаа алдах эрсдэлтэй. Бидэнд өндөр барилга, хурдны галт тэрэг, хиймэл дагуул, цөмийн эрчим хүч хэрэгтэй гэж ярьдаг ч тэр бүхний цаана физикийн гүнзгий мэдлэг шаардлагатай байдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Шинжлэх ухааны боловсролгүй нийгэм бол мухар сүсэгт автсан, мэдээлэл шүүж ойлгох чадваргүй, бусдаар амархан удирдуулдаг масс болж хувирдаг. Энэ нь зөвхөн боловсролын бус, соёл, үнэт зүйл, иргэний ухамсрын асуудал юм. Иймд төрөөс бодлогын түвшинд физикийн шинжлэх ухаан, байгалийн ухааны салбарыг дэмжих бодитой, ухаалаг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Сургалтын орчныг сайжруулж, лаборатори, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, залуу боловсон хүчнийг тогтоон барих, гадаад, дотоодын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр хөрөнгө оруулалт хийх нь зүгээр нэг зардал биш, харин улс орны ирээдүйд хийж буй стратегийн хөрөнгө оруулалт юм. Дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн Монголыг хүсэж байвал физикийн боловсролыг орхигдуулж болохгүй” гэсэн юм.
ТУРШИЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ЭВДЭРЧ, ГЭМТВЭЛ БАГШИЙН ЦАЛИНГААС СУУТГАДАГ
Их, дээд сургуулийн багш нар ийм байр суурьтай байгаа бол нийслэлийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн химийн багш Н.Нэргүй “Хичээлийн агуулга хүүхдүүдэд ойлгомжгүй, хэтэрхий хүнд байдаг. Заримдаа багш нар бид ч сурах бичгээ ойлгохгүй үе тохиолддог. Ер нь физик, химийн хичээлийг онол, практик хослуулж заах ёстой. Харамсалтай нь, одоогоор Монголд тэр дундаа улсын сургуульд эдгээр хичээлийг зөвхөн онолоор бөмбөгдөж зааж байгаа. Учир нь туршилт хийх лаборатори, хэрэглэгдэхүүн дутмаг. Дурын сургуулийнфизик, химийн тэнхимээр нь ороод үзвэл мэдэгдэнэ. Мөн туршилтад ашиглах хэрэглэгдэхүүнүүд нь үнэтэй. Сургуулиас төсөв батлаад нэн шаардлагатай хэрэглэгдэхүүнээ авсан ч эвдэлж гэмтээвэл тухайн багш төлөх шаардлагатай болдог. Тиймээс багш нар туршилтын хичээл орохоос зайлсхийдэг юм. Авч буй хэдэн төгрөг нь амьдралд хүрэлцэхгүй байхад хэн түүнээсээ хумслахыг бодох вэ” гэв.
Дээрх хүмүүсийн ярианаас манай улс байгалийн ухааны салбараа хэрхэн гаргуунд нь гаргасныг харж болохоорбайна. Тэдэнд тулгамдаж буй гол асуудал нь зөвхөн санхүүжилт бус, бага, дунд, ахлах ангид ч байгалийн ухааныг заавал судлах хичээлд багтаах зэргээр бодлогын түвшинд анхаарахсан. Тэгэхээр юуны түрүүнд судалгаагүй төсөв баталж, хий дэмий салхинд хийсгэхээс урьтан салбарын мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, томьёонд тооцоолол хийдэг, жинхэнэ эрдэмтдийг олноор бэлтгэхэд анхаарах нэн шаардлагатай болжээ.
У.Цэцэгсүрэн