Хавтгай тэмээ нь зөвхөн Монгол, Хятадын цөлийн бүсэд үлдэж хоцорсон зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбоо Улаан дансанд устах аюулд орсон нэн ховор зүйлд тооцогддог. Монголын популяци 1985 оноос хойш 46% багассан ба энэ байдал үргэлжилбэл 2033 гэхэд тоо толгойн хэмжээ 84% хүртэл буурах магадлалтай гэж дүгнэлт гарсан байдаг.
Тиймээс “Их Британийн Хавтгай Тэмээ Хамгаалах Сан” нь 2003 оны 9 сараас нэн ховордсон Хавтгай тэмээг хамгаалах гэрээ байгуулж, Говийн их дархан цаазат газрын ‘A’ хэсгийн орчны бүс дэх Захын усны Хавтгай тэмээ үржүүлэх, судалгааны төв, Говийн их дархан цаазат газрын ‘A’ хэсгийн орчны бүс дэх Толь булгийн Хавтгай тэмээ үржүүлэх, судлах төвийг тус тус байгуулж, “Монголын Хавтгай тэмээ хамгаалах сан” уг ажлыг хариуцан гүйцэтгэж, ажилласан.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээг дахин таван жилээр сунгаж, БОУАӨЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Их Британийн Хавтгай хамгаалах сангийн гүйцэтгэх тэргүүн, үүсгэн байгуулагч Кетрин Рэй нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.
Байгальд амьдрах чадвартай, генетикийн цэвэр (зэрлэг) популяцийг бий болгохын тулд хавтгай тэмээг “ex-situ” нөхцөлд үржүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар 2003 оноос Ангийн Хавтгай тэмээ хамгаалах сантай хамтран хэрэгжүүлж ирсэн. Хавтгай тэмээ, түүний амьдрах орчин дахь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх замаар хавтгай тэмээний хэвийн өсөлт үржлийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, өсгөн үржүүлэх, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах, хавтгай тэмээ үржүүлэх судлах төвийн үйл ажиллагааг дэмжиж, олон улсын хэмжээнд сурталчлан таниулж хамтын ажиллагааны уялдаатай байдлыг хадгалах зорилгоор энэхүү хамтран ажиллах гэрээг байгууллаа.
БОУАӨЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, “Хавтгай тэмээг хамгаалах та бүхний үйл хэрэг сайн санаачилга, сайн жишгийг тогтоож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулахад хувь нэмрээ оруулж, сайн жишээ болж үлдэж байна. Та бүхний оруулсан хувь нэмэр, манлайлалд талархсанаа илэрхийлье. Бидний өнөөдрийн байгуулсан гэрээ хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байна”гэсэн юм.