-61 хүний орон тоотой ажлын алба, ТУЗ-ийн есөн гишүүнтэй корпорац байгуулав-
Засгийн газар хот байгуулах нэрээр бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа, ажлын хэсэг, захирагчийн ажлын алба зэрэг нүсэр бүтэцтэй “мөрөөдлийн баг” бий болгож, татвар төлөгчдийн мөнгөөр тэднийг “эрхлүүлсээр” байна. Орхоны хөндийд байгуулахаар төлөвлөсөн Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд 2023 оноос хойш 30 орчим хүнийг төсвөөс тогтмол цалинжуулж ажиллуулсан бол энэ жилээс Захирагчийн ажлын алба болгон өргөтгөж, 70 хүнийг татвар төлөгчдийн халааснаас авсан мөнгөөр “тэжээн тэтгэх”-ээр болсон талаар бидөмнө нь хөндсөн билээ. Тэгвэл энэ удаа Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулахаар төлөвлөсөн Хүннү хотын “мөрөөдлийн баг”-т хэчнээн хүн ажиллаж буй, тэд өнгөрсөн хугацаанд чухам юу хийсэн, өдгөө ямар ажил хэрэгжүүлж байгаа талаар хүргэе.
ЗАХИРГАА БАЙГУУЛЖ, ДӨРВӨН ЖИЛ ТЭТГЭВ
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захиргааг 2021 оны наймдугаар сард байгуулжээ. Майдар, Аэросити зэрэг нэрээр 2010-аад оны үеэс хойш яригдсан хот байгуулах төслийн үзэл баримтлалыг Засгийн газар хуугаар нь өөрчилж, “Шинэ Зуунмод хот”-ынх болгосон. Ингээд дээрх захиргааныхан сүүлийн дөрвөн жил орчмын хугацаанд Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод хот байгуулах асуудлыг хариуцаж ажилласан юм. Гэтэл Засгийн газар энэ оны эхээр Шинэ Зуунмодыг Хүннү болгож өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Өмнөх нэршил нь олон улсад ашиглахад, таниулахад төвөгтэй, мөн улсын зэрэглэлтэй бус, Төв аймгийн дагуул хот гэж ойлгогдох болсон тул хууль, журамд өөрчлөлт оруулан байж шинэчлэхэд хүрснээ албаны хүмүүс учирласан. Тиймээс цаашид Хүннү хот гэдэг албан ёсны нэршлийг энд ашиглая.
Хүннү хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны бүтцэд 2021 оноос хойш 10 гаруй хүнийг төсвөөс цалинжуулж ажиллуулсан гэдэг. Тодруулбал, захиргааны дарга, ерөнхий менежерийн удирдлагад, Захиргаа, санхүү, хүний нөөцийн болон Бизнес үйл ажиллагааны газарт ийм тооны албан тушаалтан томилон ажиллуулж. Баримт бичгийн менежер, олон нийттэй харилцах мэргэжилтэн, мэдээлэл технологийн инженер, нарийн бичиг гээд манай төрийн байгууллагад байдаг, “шалдар булдар” орон тоог ч энд уламжлал ёсоор бий болгож, төсвийн мөнгийг хайр гамгүй зарцуулсаар иржээ.
Захиргааны анхны дарга буюу Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхоролыг томилж, гурван жил орчмын хугацаанд ажиллуулсан бол түүний халааг Я.Сумхүү авч хэсэг “манаргаад”, өдгөө Соёлын дэд сайд асан М.Батбаяр энэ албыг хашиж байна. Түүнийг Хүннү хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгчээр өнгөрсөн оны наймдугаар сард томилсон юм.
ТӨСЛИЙН АЖИЛ БИШ, ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ Л ЭРЧИМЖИВ
Хүннү хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаа байгуулж, ажилтнуудыг нь сая саяар, үйл ажиллагааг нь тэрбум тэрбумаар тэтгэсний үр дүн, ач гавьяа гарсангүй. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхан болон “20 минутын хот” үндэсний хорооныхон Хөшигийн хөндийд бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн, бүх зүйл төлөвлөгөө ёсоор хэвийн үргэлжилж буй мэтээр мэдээлдэг ч бодит байдалд “Хүннү”-гийн хот төлөвлөлтийн үзэл баримтлалыг ч батлаагүй байгаа. Хот төлөвлөлтийн үзэл баримтлалыг нь “Хархорум хот”-ын нэгэн адил, олон улсын нээлттэй уралдаанаар шалгаруулахаар төлөвлөж, ажлын хэсэг хүртэл байгуулснаа холбогдох хүмүүс саяхан зарласан шүү дээ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захиргааг хэзээ байгууллаа, Хархорум хот байгуулах албан ёсны шийдвэрийг хэдийд гаргалаа гээд харьцуулбал “Хүннү хот”-ын ажил алхам ч урагшлаагүйг харж болно. Тэгсэн атлаа “хоосон хот”-доо зориулж хууль тогтоомж баталлаа, удирдлагын болон ажлын албаны бүтцийг нь хэд дахин тэлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ, Хөшигийн хөндийд “эзэн суух”, давуу эрх эдлэх таатай боломжийг мөнгөтэй, нөлөөтэй хүмүүст бий болгож өгөв.
Эл төслийн бүтээн байгуулалтын захиргааг цомхон бүтэцтэй байгуулж, цөөн хүн ажиллуулсан мэтээр төрийн мэдээлэл, бүртгэлийн системүүдэд дата үүсгэсэн байдаг ч энэ өнгөлөн далдлалтын цаана хэрхэн холион бантан хутгаж, төсөвт ямар хэмжээний дарамт үүсгэж ирснийг төсөөлөхөд бэрх. Зөвхөн 2024 онд Хүннү хотын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр улсын төсөвт 51.5 тэрбум төгрөг тусгасан баримт бий. Энэ мөнгөөр нүдэнд харагдах барилга, байгууламж бариагүй, зам, дэд бүтэц тавиагүй. Инженерийн дэд бүтэц гэх бүхний нүднээс далд ажилд хэчнээн төгрөг зарцуулсан, хэд нь хүмүүсийн халаас руу орсныг үнэндээ тооцоолох аргагүй. Д.Оюунхоролын дараа томилогдсон Я.Сумхүү гэхэд өөрийн хувь эзэмшдэг компанийнхаа 10 орчим хүнийг тус захиргаанаас хэсэг хугацаанд цалинжуулж ажиллуулсан хэрэгт холбогдсон гэлцдэг. Тэдэнд үнэхээр цалин олгосон уу, эсвэл нэрийг нь барьж мөнгө идсэн үү гэдэг нь таавар хэвээр. Түүнчлэн тус захиргааг байгуулсан цагаас эхлээд үндсэн ажилтнуудынх нь цалин, урамшуулал, техник хэрэгслийнх нь хангамжид төсвөөс сая саяар мөнгө хуваарилсаар ирсэн юм билээ. Энэ бүхнийг нэгбүрчлэн ил тод мэдээлдэг, тооцдог бол ёстой л төсвийн мөнгө уйлдаггүй гэгч үгийн утга учир жинхэнээсээ тодрох байх.
ГУРВАН ДАРГА, 11 ХЭЛТЭСТЭЙ НҮСЭР БҮТЭЦ
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрөгч оны зургаадугаар сард баталсан. “Хоосон хот”-д зориулсан эзэнтэй зохицуулалтуудтай гэх шүүмжлэл дагуулсан эл хуульд “Хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар, дүрмийг хотын захирагч батална” гэж заасан байдаг. Үүний дагуу Засгийн газар Хүннү хотын Захирагчийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 61 хүртэл байхаар тогтоож, бүтцийг нь тодорхойлоод байна. Өөрөөр хэлбэл, 10 гаруй хүний орон тоотой байсан Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захиргааг Хүннү хотын Захирагчийн ажлын алба болгон өргөжүүлж, ажиллагсдынх нь тоог зургаа дахин нэмэгдүүлжээ. Тус хотын удирдлагын бүтцэд захирагч, ерөнхий архитектор, ажлын албаны дарга багтах бол ажлын алба нь хөгжлийн бодлогын, хууль тогтоомж, гэрээ эрх зүйн, санхүү, хөрөнгө оруулалтын, төрийн захиргааны гэсэн есөн хэлтсээс бүрдэнэ. Дээрх хууль, тогтоолд тусгасны дагуу Захирагчийн ажлын албаны нүсэр бүтцийг угсарч эхэлснийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны эх сурвалж хэллээ. Өргөтгөсөн бүтэцтэй шинэ албанд өнөө жил гэхэд нийслэлийн төсвөөс 2.9 тэрбум төгрөг хуваарилсныг ч тэрбээр дурдсан юм. Энэ байдлаараа Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, дэд бүтцэд зарцуулах хөрөнгөөс хэд дахин их мөнгийг хот байгуулах “мөрөөдлийн баг”-ийг ивээн тэтгэхэд урсгах бололтой дог оо.
ХОТОО БАЙГУУЛААГҮЙ БАЙЖ ХӨГЖҮҮЛНЭ ГЭВ ҮҮ
Хүннү хот байгуулах нүсэр бүтцийг тэлэх бас нэгэн шийдвэрийг нийслэлийн ИТХ өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Тэд “Хүннү хотын хөгжлийн корпорац” хэмээх хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулж, ТУЗ-ийнх ньесөн гишүүнийг томилов. Энэ корпорац хотын газар хөгжүүлэлт, менежмент, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, хөрөнгө оруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг нийслэл, орон нутаг (Төв аймаг)-ийн оролцоотой хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, Хүннү хотын бүтээн байгуулалт, төлөвлөлт, хөрөнгө оруулалтад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулах гүүр болох зорилготой юм байх. Хотоо байгуулаагүй, хөгжлийн төлөвлөгөө, үзэл баримтлалыг нь ч батлаагүй байж хөгжлийн корпорац байгуулах нь юу гээчийн тохуурхал вэ. Тэгж яривал 61 хүний орон тоотойгоор байгуулсан Хүннү хотын Захирагчийн ажлын албанд хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хот байгуулалт хариуцсан есийн өсөн хэлтэс бий шүү дээ. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх гэгчээр байгуулаагүй хотдоо зориулж хэдэн нэгж байгуулж, хэчнээн хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах гэсэн юм бэ. Үнэндээ хэлэх үг олдохгүй нь.
“Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын ТУЗ-ийн гишүүдийн тавыг нь нийслэлээс, дөрвийг нь орон нутаг, мэргэжлийн, хараат бус, хувийн хэвшлийн байгууллагаас сонгохоор хуульчилсны дагуу нээлттэйгээр шалгаруулж, хотын даргын шийдвэрээр албажуулсан гэх ч энэ томилгоо эхнээсээ “но”-той болсон гэж олон нийт хардаж, шүүмжилж байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байх үеэс нь гар нийлж, хожим зөвлөх, туслахаар нь ажиллаж байсан Б.Сэргэлэнбаатар энэ дунд багтсан нь ийм сэрдлэг дагуулав. Уг нь хөгжлийн корпорацын ТУЗ-ийн гишүүдийг нам, улс төрөөс хол, удирдах албан тушаал хашиж байгаагүй, мэргэжлийн бөгөөд “жирийн иргэд”-ээс шалгаруулж томилохоор хуульчилсан ч хотын мээр хамгийн ойр, хаяа хавирганыхаа хүмүүсээс нэгбусыгшургуулчихжээ. Ингээд Хүннү манай улсад цаасан дээр байгуулсан хотуудаас хамгийн нүсэр бүтэцтэй, хөгжлийн корпорацтай анхдагч хот болов. Удахгүй хөрөнгө оруулагчдын төлөөллийг багтаасан Хүннү хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, зөвлөл гэж бас нэг бүтэц бий болгох нь нэгэнт тодорхой буй. Энэ зөвлөл Хөшигийн хөндийд байгуулах хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, төсөл, хөтөлбөр батлах хамаг нарийн ширийн асуудалд оролцох юм. Эл албан тушаалыг хэн гэдэг бизнесмен 10 тэрбум төгрөгөөр худалдаж авах (Хүннү хотод ийм хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагатай) нь сонирхол татсаар. Шав төдий байгаа Хүннү хотын төлөөх албан тушаалын найр, зодоон ил, далд өрнөж, ийнхүү эхнээсээ тодорсоор байна.
Н.Мишээл