Европын охидын математикийн XIV олимпиад Бүгд Найрамдах Косово Улсын нийслэл Приштина хотод энэ сарын 11-17-нд болж өндөрлөлөө. Дэлхийн 55 орны 229 сурагч оюун ухаанаа сорьсон тус олимпиадад манай улсын охид амжилттай оролцож, гурван хүрэл медаль хүртэж, нэг сурагч тусгай байрт шалгарсан байна. Тодруулбал, хүрэл медалийг “Эрдмийн хишиг” сургуулийн сурагч Н.Болор, “Орчлон” сургуулийн сурагч А.Мишээл, нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану нар хүртжээ. Харин Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Оюунбилиг тусгай байрт шалгарсан байна. Олимпиадад оролцогчид хоёр өдрийн турш тус бүр гурван бодлогыг нийт дөрвөн цаг хагасын хугацаанд бодож, өрсөлдсөн аж.
Ташрамд дуулгахад, математикт авьяас чадвартай охидыг дэмжих, хөгжих боломжийг нь олгох зорилгоор эл олимпиадыг 2012 оноос тасралтгүй зохион байгуулсан бөгөөд манай улсын охид дөрвөн удаа оролцож, хоёр мөнгө, 10 хүрэл медалийн эзэн болжээ.
Ч.Болор