“Дэлхийн ном бичигт монголчуудын оруулсан хувь нэмэр” үзэсгэлэнг Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд өчигдөр олны хүртээл болголоо.
Маргааш хүртэл дэлгэх эл үзэсгэлэнг зорин очсоноор VIII Богд Жавзандамба хутагтын нандигнан шүтэж байсан, есөн эрдэнээр бичсэн “Жадамба” судрыг бүрэн эхээр нь тольдох боломжтой. Энэхүү судар нь манай улсын хэмжээнд есөн эрдэнээр бичсэн ном, товхим¬ луудаас хамгийн том хэмжээтэй нь бөгөөд 145 хуудастай, 70 см-ийн зузаантай гэнэ. Уг судрыг болгомол буюу бэх бага уудаг хар цаасан дээр бүтээсэн бөгөөд 90.5 см-ийн урт, 33.4 см-ийн өргөнтэй юм байна. Үндэсний номын сангийнхан “Жадамба”-ыг хэмжээнээс нь шалтгаалан гурав хуваан баринтаглан байрлуулдаг бөгөөд анх удаа нэгтгэж, олны хүртээл болгосон нь энэ аж. Үүнээс гадна тус үзэсгэлэнг зорин очсоноор Монголын эрдэмтэн, зохиолч нарын дэлхийн олон орны хэлээр орчуулсан ном зохиол, шүлэг найраглал, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийн дээжээс сонирхох боломжтой гэнэ.
У.Цэцэгсүрэн