Хотын дарга Х.Нямбаатар иргэдийг залхуу, алхах дургүй, алд, дэлэм зайд ч автомашин хөлөглөж, замын түгжрэлийг өрддөг хэмээн загнасан нь саяхан. Юм л болбол загнаж зандарч, хэрүүл “өдөж” явдаг эрхэм дарга маань хотынхоо өнгө үзэмжийг, явган хүний зам, талбайг, хайс хашлага, гүүр, шатыг өнгөлж тордчихоод ингэж хэлсэн бол бас яая гэх сэн. Үнэндээ иргэдэд дугуй унах зам байтугай амар тайван алхах газар ч олдохоо байсан шүү дээ. Машинаа зогсоолд тавиад скүүтер, унадаг дугуйт жийх гэхээр зориулалтын замгүй. Автомашины дундуур сүлжих нь амиа хорлосноос ялгаагүй. Саарал хотынхоо энэ мэт аюул, бэрхшээл, дэд бүтэцгүйн зовлонг мээр мэддэггүй гэвэл түүн шиг худал зүйл үгүй биз ээ.
Нийслэлийн удирдлагуудын авто замын түгжрэлийг бууруулах мэргэн аргуудын нэг нь скүүтер, мопед, цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээг 2022 оноос нэвтрүүлсэн явдал. Энэ санаачилга ч анхаасаа тэднийх байгаагүй л дээ, хувийнхныг дэмжиж, нэр зүүсэн төдий. Харин дарга нарынжинхэнэ үүрэг нь цахилгаан тээврийн үйлчилгээг өнгөрсөн хугацаанд аюулгүй явуулах орчин нөхцөлөөр хангах байв. Харамсалтай нь, олон улсад нарийн зохицуулалт, тусгай дүрэм журмаар явуулдаг эл үйлчилгээг эрх баригчид зөнд нь хаяснаас болж олон хүн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор ирэв.
СУРРОН, СКҮҮТЕРИЙН ТУСГАЙ ЗАМ, ЗОРИУЛАЛТЫН ЗОГСООЛТОЙ БОЛЪЁ
Хөхүүрийн ам ч наашилж, өнөөх түрээсийн дугуй, скүүтерүүд ч уламжлал ёсоор өнгө өнгөөрөө алаглан, хотын явган замуудад хөглөрч эхлэв. Суррон, скүүтер, мопедыг иргэдэд битгий унуул гэж байгаа юм биш. Тусгай зам, зориулалтын зогсоол шийдсэнийхээ дараа хөдөлгөөнд оролцуулахгүй бол цахилгаан унаа хэрэглэгчид явган хүний замаас ховхрохгүй нь. Ядаж явган хүний замыг иргэдээс ингэж булаамааргүй байна аа, хотын дарга аа.
Иргэн Б.Болор өглөө бүр явган хүний замаар нэг буудал орчим газар алхаж, хүүхдээ цэцэрлэгт нь өгдөг. Тэрбээр өдөрт яг л энэ маршрутаар дөрвөн удаа “рейс” хийдэг аж. Гэвч сүүлийн үед хэн, хаанаас ирээд мөргөчих бол гэсэн айдас түгшүүрээс салахаа больсноо учирласан. Саяхан гурван настай хүүг нь цахилгаан дугуй сундалсан хоёр хүүхэд дайрчих шахам өнгөрснийг хамгийн аймшигтай өдөр байсан хэмээн ярив. Тэрбээр “Скүүтер, сурроныг нэг л хүн унах ёстой. Гэтэл ялангуяа ерөнхий боловсролын сурагчид хоёр гурваараа сундалж, явган хүний замаар айдас дагуулан давхилдах юм. Зарим нь хоёр буудлын хооронд унаж уралдан, тоглож байна. Хүүхдээ мөргүүлчих шахсанаас хойш гадуур дандаа тэвэрч явдаг болсон. Цаг агаар дулаарсныг ч хэлэх үү, хүүхэд л болсон хойно ийш тийш гүйж харайхгэнэ. Даанч хотын зам, талбай, орчин нь хүүхдэд дэндүү ээлгүй” гэж ярилаа.
Тэгвэл ахмад настан М.Цэцэгээ “Автобусны буудалд өглөө, оройд хөл гишгэх зайолдохоо болиод удаж байна. Баахан цахилгаан дугуй, хэрэгсэл авчраад энд “хураачих” юм. Хүмүүс зөрөх ч зайгүй, сахилгагүй хүүхдүүд ганц нэгийг нь унагаана, унаж тоглохдоо хөл, гараа гэмтээх нь энүүхэнд. Хамгийн гол нь цахилгаан дугуй, скүүтерийн зориулалтын зогсоол гэж байх ёстой бус уу. Автобусандаа багталцахгүй ядаж байхад буудал дээрээ хүртэл тайван амгалан зогсож болохоо больжээ. Ард, урдуур цахилгаан дугуйтай нөхөд шуртхийгээд л өнгөрнө. Ойр тойронд алхах зуураа ч мөнхийн айж цочиж явах нь сэтгэл зүйд ч нөлөөлөх юм. Зориулалтын зам, зогсоол шийдэхгүй л бол олон хүн гэмтэж бэртсээр байх биз” гэв.
Нөгөө талаас цахилгаан дугуй, скүүтер түрээслүүлэгчид буюу хувь хүмүүсийн бизнесийг дэмжихийн тулд нийтийн эзэмшлийн зам, талбайг ашиглуулах нь буруу гэсэн байр суурьтай иргэн ч цөөнгүй байсан. Хүүхдүүд нь цахилгаан тээврийн хэрэгслээс унаж бэртсэн, сургуульдаа ирж, очих замдаа дайруулсан гэх хүмүүс “Уг үйлчилгээг журамлаж чадахгүй л юм бол бүрмөсөн зогсоох хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлэв. Гудамжаар алхаж буй захын хүнээс явган хүний замын аюулгүй байдлын талаар асуухад энэ байтугайг хэлээд өгнө.
887 ИРГЭН ГЭМТЭЖ БЭРТЭН, ГУРВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Орон сууцын хорооллууд дундах болон авто зам дагуух явган хүний замууд ч тэр чигтээ авто зогсоолын үүргийг гүйцэтгэж байгаа. Иргэд машинаа явган хүнийзам дээр элгээр нь хэвтүүлж хаячхаад алга болдог нь хэвийн үзэгдэл болов. Энэ мэт явган замыг тал талаас нь “зулгаах” шалтгаан мундахгүй. Ийм болчхоод байхад явган хүний зам, талбайн хүртээмжийг нэмэгдүүлдэггүй юм гэхэд ядаж бусдад дээрэмдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь хотын удирдлагуудын үүрэг баймаар.
Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс ч эртнээс энэ төрлийн аюул ослоос сэрэмжүүлсээр ирсэн. Улсын хэмжээнд 2022-2024 онд мопед, скүүтер, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтэлд 887 хүн өртөж, гурван хүн амиа алджээ. Гэмтэж бэртсэн нийт тохиолдлын 60 орчим хувийг хүүхдүүд эзэлсэн нь анхаарах асуудал мөнөөс мөн шүү дээ. Тэр дундаа скүүтертэй зорчигч зам тээврийн осолд өртсөн нь нийт тохиолдлын 92.9 хувийг эзэлж буй аж. Үлдсэн нь цахилгаан дугуй, мопедтой зорчигчид. Скүүтерээс унаж бэртсэн хүүхдүүдийн дунд 5-14 насныхан өндөр хувийг эзэлжээ. Тэд ихэвчлэн гудамж, нийтийн зам, талбайд осолдсон бөгөөд явган зорчигч цахилгаан тээврийн хэрэгслүүдэд мөргүүлж гэмтсэн тохиолдол ч олон бүртгэгдсэн байна. Мөн энэ оны эхний улиралд цахилгаан тээврийн хэрэгслийн улмаас 28 хүн гэмтэж бэртсэн гэнэ. Ихэвчлэн хүүхэд, өндөр настнууд энэ төрлийн осолд өртөж байгааг эмч нар хэлсэн.
ГССҮТ-ийнхөн “Нийслэлд дугуйн зам хангалтгүй, мөн цахилгаан моторт хэрэгслийг явган хүний болон авто замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм журамгүйгээс үүдэлтэйгээр энэ төрлийн осол гэмтэл их гарах боллоо. Скүүтер болон сурроноор хэр хурдтай явснаас шалтгаалж, осолдсон тохиолдолд бэртэл гэмтлийн хувь нь харилцан адилгүй. Тухайлбал, скүүтер, сурронтой зорчиж яваад унаж, мөргөлдсөн, автомашинд мөргүүлсэн, бусдыг дайрч гэмтээсэн ихэнх тохиолдолд гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар, хөл, мөчдийн хугарал, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн бэртэл авсан байна” гэлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйн шалтгаан нь ч осол гэмтэлтэй холбоотой. Ямартай ч цахилгаан тээврийн хэрэгсэл жолоодогчид насны хязгаар тогтоож, хөдөлгөөнийг нарийн журамлахаар УИХ-ын нэр бүхий гишүүд ажиллаж буй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг “Төрөөс иргэдийн аюулгүй, тайван орчинд зорчих эрхийг хангах, цахилгаан тээврийн хэрэгсэл жолоодогчийн замын хөдөлгөөнд оролцох соёлыг бий болгохоор зорьж байна. Суррон, скүүтер зэрэг цахилгаан хэрэгсэл нь авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж буй. Тиймээс эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхойлж, зориулалтын зам, талбайг бий болгох, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхийг хангахад анхаарна. Ер нь залуучуудын хэрэглээг хумих биш, орчныг нь бүрдүүлэх ёстой” гэсэн юм.
ХАНГАЛТТАЙ СТАНДАРТТАЙ Ч МӨРДДӨГГҮЙ
Энэ онд нийслэлийн хэд хэдэн байршилд явган хүний замыг чулуун хавтангаар бүрэх бөгөөд үүний хүрээнд 12 багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өдгөө долоон багц ажлыг эхлүүлсэн бөгөөд Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбайн орчим, Их, Бага тойруу дахь явган хүний замуудыг иж бүрэн шинэчлэх гэнэ. Стандартад нийцсэн, явган хүний зам тавина гэдэг нь зүгээр нэг хавтангуудыг нь хуулаад, солихтой адилгүй. Харин манай дарга нар замынхавтан, бродюр сольсныгоо шинэчилсэн гээд л “сэвж” өгнө шүү дээ. Өнгөрсөн жилүүдийн энэ мэт “жүжгээс” нь үзвэл хэтдээч хүртээмжийг дорвитой нэмж шалихгүй л болов уу. Жилийн жилд л явган хүний тийм ч зам засна, тэгж ч өргөтгөнө гэж ярихаас биш, иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чаддаг бил үү.
Уг нь манай улс “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар” MNS 6056:2009, “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага” MNS 6808:2019, “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага” UCS 0901B:2022 зэрэг стандартыг тухайн цаг хугацаандаа шинэчлэн сайжруулж, хэрэгжүүлсээр иржээ. Сүүлд баталсан стандартад энд дурдсанаас гадна явган хүний замын гадаргуугийн бороо, цасны ус зайлуулах, хавтан өрөх технологи, явган хүнийзам хучиж, угсрах арга, явган хүн явах өргөн чөлөө, налуу, хөндлөн зам, хөтөч, чиглүүлэх, анхааруулах хавтан, гадаргуугийн түвшний өндөр, хүн явах эрэлттэй хэсгийн орон зайн зөвшөөрсөн хэмжээ, түр замд дэвсэх материал, хяналт зэргийг нарийн журамлажээ.
Стандартуудыг мөрдөж, хэрэгжүүлдэг сэн бол, түүнийхээ дагуу барьж, төлөвлөдөг бол явган хүний зам нийслэлд хамгийн аюулгүй нь байх байлаа. Гэтэл цөөн байршилд жишээлбэл, “Москва” хороолол, Өнөрийн гудамж орчмын ногоон байгууламж бүхий явган хүний замуудыг сүүлийн үеийн стандартуудын дагуу төлөвлөж барьснаасөөргийгүүлсэнзүйлалга. Ийм зам нийслэлд алаг цоог байхаас биш, бүгд стандарт хангадаггүйг мэргэжилтнүүд хэлсээр, шүүмжилсээр буй.
Хотын удирдлагууд явган замууд стандарт хангадаггүйн шалтгааныг “Аж ахуй нэгжүүд эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн хашаа хатгадаг, явган хүний зам, орц гарцыг хаадаг, тендерт шалгарсан компаниуд явган хүний замыг нэгдсэн төлөвлөлт, стандарт, загвараар барьдаггүй, суурилуулсан хавтан нь чанарын шаардлага хангадаггүй, нэг жил хүрэхгүй эвдэрдэг” гэхчлэн тайлбарладаг. Угтаа бол захиалагч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, архитектор, авто замын инженер, барилгын инженер, зураг төсөл зохиогч, захиалагчийн хяналтын байгууллага, зөвлөх, гүйцэтгэгч, үйлд вэрлэгч нар хамтран ажиллаж, стандартыг мөрдөж, мөрдүүлэх, хууль ёсны хяналтыг тавих ёстой атал бүгд “өвөр түрий”-ндээ орчихсон, авилга, ашиг сонирхлоороо нэгдчихсэн нь л өнөөдрийн болж бүтэхгүй бүхний эхлэл юм.