Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын автомашиныг импортлоход гаалийн татвараас бүрэн чөлөөлдгийг та мэдэх үү. Ийм хуулийн зохицуулалт байдгийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас танилцуулав. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ялангуяа тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүр, эсвэл өөрөө жолоодох зориулалттай, гар ажиллагаатай, удирдлагатай автомашиныг гаалийн татваргүй импортлохыг заажээ. Гэхдээ нэг хүн энэ боломжийг ганц удаа л эдлэх боломжтойг анхааруулсан.
ГЕГ-аас дараах шаардлагыг хангасан иргэдийн импортолсон автомашиныг татвараас чөлөөлж байгаа аж. Үүнд автомашины техникийн гэрчилгээ, үнийн нэхэмжлэх, баглаа, боодлын жагсаалт, гаалийн улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэл, хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай үнэмлэх зэрэг бичиг баримтыг бүрдүүлж, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх энэхүү тусгай заалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зэрэг тэдний эрх ашигт нийцэхүйц байдлаар боловсруулсан байна.
О.Оргилох