Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)- ын даргын албан тушаал хашиж байсан Л.Бямбасүрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг өчигдөр Баянгол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийлээ. Тус шүүхийн шүүгч Н.Нямдаваа удирдан, НПГ-ын хяналтын прокурор Г.Онон, холбогдогч 11 хүний өмгөөлөгчдийг оролцуулан хийсэн хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг тавдугаар сарын 6-ны 14.00 цагт товлов.
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, зарим эмнэлгийн албан тушаалтнууд болох Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсодном, П.Алтантуяа, Т.Ариунтуяа, Т.Анхтуяа гэсэн 11 хүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан, өгсөн хэмээн буруутгаж буй билээ. ЭМДЕГ-ын албан тушаалтнууд нэг бус удаа хахууль авч, эрүүл мэндийн байгууллагуудад давуу байдал олгож байсныг АТГ-ын мөрдөгчид тогтоон, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн юм. Тодруулбал, ЭМДЕГ-ын мэр¬гэжилтэн Б.Номинсувд нь дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний төрөл садангийн хүн болох “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа нараас 100 орчим сая төгрөгийн хахууль авч, 1000-аас дээш хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан гэдэг. Уг мөнгөө А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж өгсөн нь шалгалтаар тогтоогдсон хэмээн буруутгагдсан билээ.
Г.Орчлон