УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өөрийнхөө цахим хуудастаа "У.Хүрэлсүх ээ, Н.Учрал аа, Сү.Батболд оо, Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү. Тэд Украинд байлдаж байгаад ирсэн. Тэд ачаа ачиж байгаа шүү, карго авна" гэж бичсэнээ төд удалгүй устгасан байдаг.
Мөн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг дурдахдаа "Уранчид Н.Учралыг алах бололтой " гэх зэргээр хүний нэр төрд халдсан утга бүхий пост оруулсан.
Үүнд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ямар байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, "Миний бие Үндэсний баялгийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлаж ажиллаж буй. Уг ажилд ижил тэгш хандаж, дарга цэрэг, өндөр албан тушаалтан гэх зэргээр ялгахгүйгээр ижил тэгш хандан ажиллаж байна. Ажлаа хийгээд явж байхад хүний нэр төрд халдах, заналхийлэх зүйл их гарч байгаа. Үүнд цуцаад, мөхөөд байх зүйлгүй. Учир нь би уул уурхайн салбарт ямар ашиг сонирхлын зөрчилгүй. Тийм учраас баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа хүний хувьд хэн нэгнээс айхгүй гэдгийг тэр нөхдүүдэд хэлье. Янз бүрийн утга бүхий постыг оруулж, нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэж, төрийн ажлыг ингэж бусниулдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.
Юу бичиж постлох нь хувь хүний асуудал. Гэхдээ Монгол улс хуультай орон. Хуулийн байгууллагууд холбогдох шийдвэрүүдийг гаргаад явах байх" гэлээ.