ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын Техник, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, инженер А.Нармандахтай ярилцлаа. Тус салбарынхан газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын системийг хамтран зохион бүтээжээ.
Тэрбээр газар хөдлөлт бүртгэх станцаа “Газар чагнах төхөөрөмж” хэмээн нэрлэх дуртай гэнэ. Уг багаж нь газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрэх чухал үүрэгтэй бөгөөд энэ нь бидэнд ч хамаатай ойлголт юм. Газар хөдлөлт бүртгэх станц нь Монгол орны хувьд хэрэгцээтэй чухал объект тул түүнийг эвдэн сүйтгэж, гэмтээх нь чичирхийллийг тодорхойлоход хүндрэл учруулдаг. Тиймээс газар хөдлөлт бүртгэх станцыг эвдэх, тоног төхөөрөмжийг нь хулгайлах үйлдэл бүү гаргаарай хэмээн А.Нармандах онцоллоо.
-Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь газар хөдлөлт бүртгэх станцын үйл ажиллагааг шалгахын тулд л гэхэд нэг өдрийг зарцуулж байсан. Ер нь Газар хөдлөл судлалын салбарынхан энэ мэтчилэн станцаа хянаж, шалгахад олон хоног зарцуулдаг шүү дээ. Тиймээс хүн хүч, цаг хугацаа, зардал зэргийг хэмнэх хяналтын систем зохион бүтээсэн гэсэн байх аа?
-Газар хөдлөлт бүртгэх станц онцгой зориулалттай объект юм. Тиймээс үйл ажиллагааг нь тасалдуулалгүйгээр хэвийн ажиллуулах шаардлагатай болдог. Гэвч хээр талд, эсвэл хот, суурингаас зайдуу газарт 2-3 метрийн гүнд байрлуулж ажиллуулахад хүндрэлтэй. Газар хөдлөлт бүртгэх станцуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг хүчин зүйлийг гурав ангилдаг. Тухайлбал, хүний буруутай үйл ажиллагаа, байгалийн хүчин зүйл, техникийн асуудал зэрэг юм. Энэхүү багаж нь газрын чичирхийлэх хөдөлгөөнийг мэдэрдэг учраас хүний оролцоотой үйл ажиллагаанаас үүдэлтэй доргилт, чичирхийллээс хол байршуулах шаардлагатай болдог. Техник, технологи хөгжихийн хэрээр уламжлалт аргуудаас татгалзаж, ажиллагааг илүү хөнгөвчлөхөд анхаарах хэрэгтэй болж байна л даа. Жишээлбэл, газар хөдлөлт бүртгэх станц руу ус орвол тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа доголдоно. Гэтэл ус орсныг нь бид мэдэхгүй ч байх магадлалтай. Нарны дэлгэц, батарейг нь хулгайлах, эвдэх зэргээс шалтгаалж станцын хэвийн үйл ажиллаагаа доголдоход хүрдэг тал бий. Газар хөдлөлтийн мэдээллийг бид шуурхай хүлээн авч боловсруулах ёстой. Өмнө нь Төв аймгийн Мөнгөнморьт сумд очиход нэг өдрийг зарцуулсан гэсэн шүү дээ. Уг нь тухайн сум дахь станц бол Улаанбаатар хотын ойролцоох багажуудын нэг. Гэтэл олон өдөр зарцуулж очсон хэрнээ унтраалгыг нь асаачхаад ирэх үе байна. Тиймээс станцын тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянах, удирдах багаж хэрэгтэй болж байгаа юм. Иймд энэхүү төхөөрөмжийг бүтээхээр шийдсэн. Туршилтын явцдаа программ хангамжийг нь сайжруулж, хянах, удирдах боломж бүрдүүлсэн. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хэдэн арван станц ажиллаж байна. Тэр бүгдэд хүрч ажиллахын тулд уг төхөөрөмжийг хөгжүүлсэн.
-Системийг ашиглахад хялбар байхад анхаарсан гэсэн шүү дээ. Төхөөрөмжийг хэзээнээс хөгжүүлсэн бэ?
-Газар хөдлөлт бүртгэх станцад температур болон чийгшил хэр байгааг, ус орсон, эсэхийг нь мэдэгдэх гээд бүх параметрийг тус бүрд нь хянах гэхээр олон тоног төхөөрөмж шаардлагатай болсон. Харин бидний үндсэн зорилго ашиглахад хялбар, багажийн хэвийн үйл ажиллагааг хянах, дотоодынхоо хэрэгцээг хангах нэг л төхөөрөмж бүтээх байв. Тиймээс 2019 онд уг төхөөрөмжийг бүтээхээр санаачилж, хээрийн, лабораторийн нөхцөлд туршиж үзсэн. Ингээд бид шинэ бүтээлийн патентаа 2022, ашигтай загварын патентаа 2024 онд авсан юм. Харин одоо бол зөвхөн техник хангамжид нь анхаарах бус, программ хөгжүүлэх хэд хэдэн туршилт хийж байна.
-Хэрэглээнд нэвтрүүлсэн болов уу?
-Системийг бүтээсэн гол зорилго нь дотоодын хэрэгцээг бүрэн хангах буюу Газар хөдлөл судлалын салбарынхан ашиглах шүү дээ. Хэрэглээнд хэдийн нэвтрүүлсэн. Одоогоор 10 цэгт системээ суурилуулсан. Хөрөнгө оруулалтыг нь шийдчихвэл цаашид газар хөдлөлт бүртгэх 100 гаруй станцдаа байрлуулна.
-Газар хөдлөлтийн станцуудын тоног төхөөрөмж нэлээд өндөр үнэтэй. Уг системийг Монгол орон дахь 100 гаруй станцдаа байрлуулахад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бол?
-Газар хөдлөлтийн багажийг дотоодод үйлдвэрлэдэггүй. Тиймээс бүгдийг нь гадаадаас худалдаж авах шаардлагатай болно. Жил ирэх тусам төгрөгийн ханш унаж байгаагаас багажийн үнэ өсөж буй. Газар хөдлөлтийн нэг станц барихад ойролцоогоор 100 гаруй сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ станцын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд ашигладаг тоног төхөөрөмжүүдээс нарны дэлгэц, батарей хоёрыг л хүмүүс ахуйн хүрээнд хэрэглэх боломжтой. Бусад тоног төхөөрөмж хүмүүс аваад ашиглах гэхээр ямар ч хэрэггүй. Харин газар хөдлөлийн чичирхийллийг мэдрэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг асар чухал. 100 гаруй сая төгрөгийн үнэтэй, тийм чухал төхөөрөмжийг хамгаалахын тулд бид үүнийг хийсэн. Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын системд ашиглах жижиг багажийг гадаадаас авч болно. Гэвч цогцоор нь авбал өндөр үнэтэй. Харин бид илүү хямд үнээр систем зохион бүтээсэн. Программ хангамж, дагалдах тоног төхөөрөмжүүд нийт есөн сая төгрөгийн өртөгтэй.
-Уг шинэ систем үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа юу?
-Үүнийг хэд хэдэн жишээгээр баталж болно л доо. Тухайлбал, байршлыг нь хэлээд яах вэ, газар хөдлөлт бүртгэх станцын нарны дэлгэц байнга хулгайд алдагдчихдаг нэг газар байлаа. Бид газар хөдлөлтийн станцаа суурилуулахдаа аль болох айл бараадуулж суурилуулдаг юм. Гэтэл станцын нарны дэлгэцийг тухайн айлын эзгүйд, баяр наадмын өдрүүдэд гурван жил дараалан хулгайлсан тохиолдол бий. Бид цагдаад хандсан ч хулгайлсан хүнийг нь олоогүй. Тиймээс бид тэнд хяналтын төхөөрөмж суурилуулсан юм. Тухайн үед уг төхөөрөмж хөгжүүлэлтийн шатандаа л байв. Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын систем нь нийт 20 гаруй функцтэй. Үүний нэг нь хулгайд алдагдахаас сэргийлэх юм. Тус байршилд шинэ систем суурилуулснаас хойш дахиж хулгайд өртөөгүй.
Бас Улаанбаатар хотын ойролцоох станцыг шалгахад дотор нь 3-4 батарей байх ёстойгоос нэгийг үлдээгээд, бусдыг нь хулгайлсан тохиолдол гарсан. Ингэхдээ нэг батарейд төхөөрөмжүүдийг холбосон байгаа юм. Харин шинэ системээ тэнд байрлуулснаар станцыг хаалгыг онгойлгосон, хөдөлгөөн илэрсэн үед дохио өгч мэдэгдэн, үйл ажиллагааг нь хянах боломж бүрдсэн. Мөн станц суурилуулсан нүхэн байранд ус орсон тохиолдолд гадагшлуулах төдийгүй бидэнд мэдэгдэх функцтэй. Зарим үед газар хөдлөлт бүртгэх станцын нүхэн байранд 2-3 тонн ус хуримтлагдах нь ч бий. Тэр их усыг бид заавал очоод гараар гадагшлуулдаг байлаа. Ийм тохиолдол хэд хэдэн удаа давтагдсан. Харин одоо бол бидний хийсэн төхөөрөмж усыг тухай бүрд нь шавхан гаргаж, станцыг эвдэж, гэмтээлгүйгээр хамгаалах боломж бүрдсэн. Эдгээрээс гадна техникийн асуудлууд гарч байсныг ч шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар шийдвэрлэлээ. Мэдээлэл дамжуулалт тасарсан, эсэхийг ч эл систем хянаж чадна. Тасарсан тохиолдол хэвийн үйл ажиллагааг нь яаж хангахаа ч мэднэ.
-20 гаруй функцтэй гэсэн шүү дээ. Эдгээр нь ямар үүрэг, ач холбогдолтой бол?
-20 гаруй функцээ үндсэн долоон хэсэгт ангилж байгаа. Эхнийх нь тоног төхөөрөмжийн мэдээллийг цуглуулах юм. Нарны дэлгэц байрандаа байна уу, станцын чийгшил хэд байгааг, хүчдэл хэр ашигласныг, гадна, дотоод орчны температурын зөрүү зэрэг маш олон мэдээллийг уг систем цуглуулдаг. Дараа нь цуглуулсан мэдээллээ нэгтгэнэ. Мэдээллээ системд ямар түлхүүр үгээр хаана, яаж хадгалахыг ч заваарчилсан. Мөн цуглуулсан мэдээллээ боловсруулах чадвартай. Үүгээр нарны дэлгэц, батарейны хүчин чадлыг тодорхойлж чадна. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянаад түүндээ дүгнэлт хийж байна гэсэн үг. Дөрөвдүгээрт, газар хөдлөлтийн станцын байршил, ажиллагааны мэдээллийг ойлгоход хялбар байдлаар загварчилж харуулах хэсэг ч бий.
Түүнчлэн шуурхай арга хэмжээ авах хэсэг багтаж байна. Төхөөрөмжийг хулгайлах үед, хаалга онгойход, батарейны цэнэг унахад бидэнд мэдээлнэ. Нэмэлтээр тухайн станцыг хянадаг инженерүүдийн гар утсанд үйл ажиллагааныхаа талаар мэдээлдэг. Шаардлагатай үед дуудлага хийж, мэдэгддэг байхаар хөгжүүлж байна. Мөн мэдээллээ тоймлож, сар бүр цахим шуудангаар ирүүлдэг. Дараагийнх нь станцын тоног төхөөрөмжийг зайнаас удирдах боломж бүрдүүлсэн функц юм. Тоног төхөөрөмжийг унтраах, асаах, дуут дохиог идэвхжүүлэх, эсэхийг Улаанбаатар хотоос удирдах боломжтой гэсэн үг. Хамгийн сүүлийнх нь бие даан ажиллах хэсэг. Хулгай гарвал дохио өгөх, өөрийгөө бие даан удирдах зэрэг нь энэ хэсэгт багтана.
-Оюуны өмчийн газарт та бүхэн хоёр бүтээлээ бүртгүүлжээ. Үүний нэг нь хяналтын төхөөрөмжтэй, газар хөдлөлт бүртгэх нүүдлийн станц. Энэ нь хээрийн станцаас ямар ялгаатай вэ?
-Монголд газар хөдлөлтийн 100 гаруй суурин станц бий. Үйл ажиллагаа нь хоорондоо харилцан адилгүй л дээ. Тэдгээрт зориулан “Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын систем” нэртэй шинэ бүтээлийн патент авсан. Харин “Хяналтын төхөөрөмжтэй газар хөдлөлт бүртгэх нүүдлийн станц” нэртэй ашигтай загварын патентыг нүүдлийн зориулалттай багажуудад зориулан аваад байна. Газар хүчтэй хөдлөх үед болон уул уурхайн талбайн хэмжилт, гүний хагарлын судалгаа, өндөр барилгын талбайн газар хөдлөлийн аюулын үнэлгээ гэх мэт олон төрлийн судалгаа хийхдээ түр хугацаагаар суурилуулан ажиллуулдаг тоног төхөөрөмжүүд байдаг. Эдгээрийг ашиглахад суурин станцынх шиг гурван метр нүх ухаж байрлуулах шаардлагагүй. Зарим тохиолдолд ил, эсвэл 50-100 см-ийн гүн нүх ухаад нүүдлийн станцыг түр суурилуулан ашиглаж болно. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан юм. Нүүдлийн станц ашиглаж судалгаа хийхээр айл бараадуулаад, 50-100 см нүх ухаад байрлуулав. Ингэхдээ тэнд хоёр сар шахам байрлуулсан. Энэ хугацаанд ойролцоох айлаас станц аюулгүй байгаа, эсэхийг тодруулсан. Гэтэл багажаа авах гээд очиход дээгүүр нь үхэр мал яваад, шороонд булагдчихсан байв. Харин одоо бол хяналтын төхөөрөмжтэй газар хөдлөлт бүртгэх станцтай болсноор эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Энэ мэтээр системээ хөгжүүлж байгаа.
А.Тэмүүлэн