АНУ-ын Ерөнхийлөгч Трамп НҮБ дахь Байнгын төлөөлөгчөөрөө Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Элиз Стефаникийг томилов. Энэ эмэгтэй хүү Бушийн засаг захиргаанд Дотоод бодлогын зөвлөлд нь ажиллаж байжээ. 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэрийг нь дэвшүүлсэн Тим Поленти, Дэд Ерөнхийлөгчид өрсөлдсөн Пол Райн нарын штабтай хамтран ажиллав.
2014 онд 30 настайдаа Төлөөлөгчдийн танхимд анх сонгогдож, 2016, 2018, 2020, 2022 онуудад улиран сонгогджээ. Зэвсэгт хүчин, боловсрол, хөдөлмөрийн нөөц, тагнуулын асуудал эрхэлсэн хороонд ажиллаж байгаад 2021 оноос БНН-ын фракцыг тэргүүлэх болсон байна. АН-ын Жо Байден ялсан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Стефаник хүлээн зөвшөөрөөгүй аж.
Элиз Стефаник үр хөндүүлэх, эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжих, нүүрсустөрөгч олборлолтыг бууруулах, зэвсгийн наймаанд тавих хяналтыг чангаруулахыг эсэргүүцдэг хүн. Батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлэх, цагаачлалын бодлогод хийгээд АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гаднын мэдээллийн технологийн компаниуд, тэдний нийгмийн сүлжээнд тавих хяналтыг нэмэгдүүлэхийг дэмждэг.
Урьд нь тэрбээр Трампыг шүүмжилдэг байснаа хожмоо түүний үнэнч дэмжигч болсон аж. Лалын шашинтан, эмэгтэйчүүдийн талаарх үзэл бодол, НАТО-г өөрчлөх талаарх байр суурь, АНУ, Мексикийн хил дээр хана барих, Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх Трампын бодлогыг Стефаник шүүмжилдэг байжээ. Одоо Дэд Ерөнхийлөгч болоод байгаа Жей Ди Вэнс мөн Трампыг шүүмжилдэг, олны өмнө түүнийг “тэнэг” хэмээн нэрлэж, Гитлертэй зүйрлэж, өндөр дээд албанд тохирохгүй хүн гэж үздэг байснаа 2018 оноос энэ үзэл бодлоо өөрчилж, түүнийг дэмжих болсон аж.
НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчийн албыг хаших болсон анхны эмэгтэй, БНН-ын гишүүн Элиз Мари Стефаник 1984 онд Нью-Йорк мужийн Олбани хотод төржээ. Эцэг нь чехословак, эх нь итали гаралтай юм байна. Элизийг 14 настайд нь түүний нэр хэвлэлийн хуудаснаа анх гарч, Сенатор Эле Д’Аматогийн талаар бичсэн тайлбараас нь “Times Union” сонинд эш татсан байна. 2001 оны нэгдүгээр сарын алан хядах ажиллагаанаас хойш Стефаник төрийн албанд зүтгэх талаар бодох болжээ. Эхлээд Олбани хотынхоо охидод зориулсан академид, дараа нь Харвардын коллежид элсэж, 2006 онд төгссөнөөр Төрийн удирдлагын мэргэжилтэй болсон байна. Хожим нь Тэнгисийн цэргийн коллежид суралцав.
2017 онд маркетингийн салбарын мэргэжилтэн Метья Мандатай гэрлэж, 2021 онд хүүтэй болов. 2012 онд Элиз Стефаник Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Пол Раяныг мэтгэлцээнд бэлтгэх ажлыг удирдсан ч бүгд найрамдахчууд сонгуульд ялагдаж, бүсгүй улс төрийг хэсэг хугацаанд орхиж, эцэг, эхийнхээ бизнест хамтарчээ.
Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргах Трампын шийдвэрийг Стефаник эсэргүүцэж, энэ нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд тавьж буй хүчин чармайлтад хохирол учруулж, АНУ-ыг холбоотнуудаас нь хөндийрүүлнэ гэж мэдэгдэж байлаа. Төлөөлөгчдийн танхимын БНН-ын бага хурлын дарга Лиз Чейнийг огцорсны дараа 2021 онд Стефаник уг албанд сонгогдов.
2024 оны арваннэгдүгээр сард Трамп НҮБ-д АНУ-аас суух Байнгын төлөөлөгчийн албан тушаалд Элиз Стефаникийн нэрийг дэвшүүлж, уг албыг хаших болсноос хойш Украиныг НАТО-д элсүүлэхийн төлөөх байр сууриа өөрчилжээ. НҮБ дахь Байнгын төлөөлөгчөөр 2021 онд Жо Байдены томилсон Линда Томас-Гринфилд сая халаагаа Стефаникт өгөв. Энэ хатагтай урьд нь Төрийн департаментад 30 гаруй жил ажилласан байв.
Элиз Стефаник 2023 оны арванхоёрдугаар сард америкчуудын анхаарлыг өөр лүүгээ татав. Тэрбээр Израилд ихээхэн нааштай ханддагаараа олонд танил болсон байсан бөгөөд Америкийн их, дээд сургуулиудад еврейн эсрэг үзэл газар авснаас уг асуудлаар Конгресст сонсгол хийх үеэр их сургуулиудын ерөнхийлөгчдөд айхавтар эрс чанга асуулт тавьж, бусдаас онцгойрчээ.
Төлөөлөгчдийн танхимын аядуу бүгд найрамдахчуудын фракцын Мягмар гэдэг бүлгийн нэг даргаар сонгогдсоноо Стефаник 2017 оны нэгдүгээр сарын эхээр зарлав. Түүний үгээр бол “Энэ бүлэг сонгогчдодоо зориулж улс төрийн шийдвэрийг урагш ахиулахын төлөө сиймхийг олж ашиглахад бэлэн хүмүүсээс бүрддэг бөгөөд манай улсад тулгарсан эгзэгтэй асуудлууд дээр ажиллах боломж олдохыг би тэсэн ядан хүлээж байв”.
2018 онд болсон Төлөөлөгчдийн танхимын сонгуулиар ажилтнуудаа Конгрессын Үндэсний хороонд элсүүлэх ажлыг Стефаник удирдав. Тэрбээр удалгүй Конгрессын үндэсний хорооноос гарч, албан тушаалд өрсөлдөхийн тулд БНН-ын эмэгтэй гишүүдийг элсүүлэх ажил хийх болов. АНУ-ын 115 дугаар Конгрессын эхний чуулганаар хоёр намаас бүрдсэн гишүүдийн нэрсийн жагсаалтад Стефаник 19 дүгээрт оржээ. 2017 онд Нью-Йоркийн БНН-ын таван төлөөлөгчтэй нэгдэж татвар, ажлын байрыг хорогдуулах тухай хуулийн эсрэг санал өгөв. Тэгээд 115 дугаар Конгресс дээр ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн тухай хуулийг ивээн тэтгэгчдийн нэг нь болов. Мөн ондоо хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг дэмжиж санал өгөв. Энэ хуулиар хүүхдийн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийг таван жилээр сунгасан байна.
Лалын шашинтан иргэд хүн амынх нь олонх байдаг гадаадын долоон орны иргэдийг АНУ-д ирэх, цагаачлахыг түр хугацаагаар хориглосон шийдвэрийг Трамп 2017 онд гаргасныг Стефаник эсэргүүцэв. Түүнээс гадна улсынхаа өмнөд хил дээр онцгой байдал тогтоохыг цуцалсан шийдвэрт Трампын тавьсан хоригийг хүчингүй болгохоор 2019 оны хавар Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намынхантай хамтран санал өгсөн БНН-ын 14 гишүүний нэг нь Стефаник байлаа.
2016 оны сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх асуудлаар Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын асуудал эрхэлсэн хорооны явуулсан мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг Стефаник дэмжлээ.
116 дугаар Конгресс дээр тэгш байдлын тухай хуулийг дэмжих саналаа өгсөн БНН-ын найман гишүүний дотор Стефаник байв. Дараа нь бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхахыг хориглосон “Бүх нийтийн шударга ёсны тухай” хуулийн төслийг Конгресст өргөн барив. 2019 онд Трампад итгэл үзүүлэх, эсэх тухай асуудал босож ирэхэд Стефаник түүнийг дэмжихгүйгээ илэрхийлэв. Конгресс энэ талаар нотлох баримт цуглуулж, гэрчүүдийн мэдүүлгийг сонсох үед тэрбээр Трампыг тууштай хамгаалсан байна. Арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн сонсгол дээр Тагнуулын хорооны нөлөө бүхий гишүүн Дэвин Нуньес гэрчийг байцаахын тулд өөрт ногдсон цагаас Стефаникт өгөх гэтэл Хорооны дарга Адам Шифф түүний нэрийг хасчихжээ. Үүнд Стефаник дургүйцэж, Шиффийг “Дүрэм журмаа ажлын явц дунд өөрчиллөө, гэрчийг байцаах өөрт ногдсон цагаа хянах боломжийг БНН-ын гишүүнд олгосонгүй” гэж буруутгав. “The Washington post’ болон бусад хэвлэлд энэ болсон явдлыг Шифф шударга бус хүн болохыг харууллаа гэж дүгнэсэн аж.
Р.Жаргалант