Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас санаачилсан “Зүүн Европ, Төв Азийн бүс нутагт уур амьсгалын арга хэмжээг эдийн засгийн өрсөлдөх чадвартай уялдуулах нь” сэдэвт уулзалт өнгөрсөн долоо хоногт Парис хотод болжээ. Үүнд манай улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл оролцож, дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсан байна.
Энэ үеэр талууд уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн бодлого хэрэгжүүлэх, дасан зохицох арга хэмжээг идэвхжүүлэх асуудлыг онцгойлон хөнджээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хийсэн тооцоо, судалгаагаар улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн бодлого хэрэгжүүлснээр 2050 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2.8 хувиар өсгөх боломжтой гэнэ. Харин дасан зохицох арга хэмжээ авснаар байгаль, цаг уурын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн эрсдэлийг бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувьтай дүйцэхүйц хэмжээний алдагдлаас сэргийлэх ач холбогдолтой хэмээжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сөрөг нөлөө, хор хохирол жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор Зүүн Европ, Төв Азийн орнууд уур амьсгалын болон эдийн засгийн бодлогоо харилцан уялдаатай байлгах чиглэлд анхаарахаар санал нэгджээ.
Н.Мишээл