Нярай хүүхдээ орцонд хаяжээ. 13 настай охин хүүхэд төрүүлэв. Насанд хүрээгүй багачууд гэмт хэргийн хохирогч боллоо. Төрсөн эцэг, ах, өвөө, хамаатных нь хүн охиныг хүчирхийлжээ. Ийм хар бараан мэдээг бид өдөр бүр сонссоор дөжирчхөж. Үеийн найзуудтайгаа сурч, хөгжиж, инээж, баясах явах ёстой 13 настай охин яагаад хүүхэд төрүүлэв. Бага насны хүүхдүүд гэмт хэрэгт өртөж, хохирогч, эсвэл гэмт хэрэгтэн болж буйн цаад учир шалтгаан юу байв, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн бие махбод, сэтгэлийн шархыг хэрхэн анагаасан бол. Эдгээр асуултад хариулт алга. Хүүхэд хамгааллын асуудал хөсөр хаягдсаар олон жил болсон. Гэтэл байдал улам дорджээ.
Мэргэжилтнээ алдахад хүрэв
Манай улсад хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний болон түр хамгаалах байр нийт 30 гаруй бий. Үүний цөөнгүй нь төрийн бус байгууллагынх.
Хохирогчдыг хамгаалах ажилд төрийн бус байгууллагынхан ачааны хүндийг үүрдэг ч төр засгаас санхүүжилт бараг авдаггүй. Ихэнхдээ гадаад улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж иржээ. Гэтэл АНУ-ын Засгийн газар гадаад улс дахь хүмүүнлэгийн тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээ зогсоосон нь манай улсын төрийн бус байгууллагынханд хүндээр туссан байна. Тухайлбал, “Дэлхийн зөн”, “Монфемнет” үндэсний сүлжээ, “Хөөрхөн зүрх” зэрэг цөөнгүй байгууллагын санхүүжилт зогсож, цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон гэнэ. Бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн хохирогчидтой ажилладаг төрийн бус байгууллагын санхүүжилтийн гол цөм нь гадаад улсын тусламж дэмжлэг. Монгол Улс хүүхэд хамгааллын үйлчилгээнд хангалттай төсөв хуваарилдаг, иргэнийхээ эрх ашгийг хамгаалдаг байсан бол нөхцөл байдал ингэж доройтохгүй байв.
30 жилийн турш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн ч санхүүжилтгүй болж, мэргэжилтнүүдээ алдахдаа тулжээ. Тус төвийн захирал Н.Арвинтариагаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Хүүхэд хамгааллын хууль батлагдсантай холбоотойгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр орон нутгийн төсвөөс хамгаалах байруудыг санхүүжүүлэхээр болсон юм. Гэтэл төрийн бус байгууллагынхны санхүүжилтийг шийдэж өгөхгүй байна. Төрийн байгууллагад ажлаа мэддэг ч хүн алга. “Тэр даргатай уулз, би мэдэхгүй” гэж хоосон хаалга мөргүүлсээр. “Халуун цэг” дээр буюу эцэг, эхдээ хаягдсан, хүчирхийлэлд өртсөн, гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдтэй ажилладаг хүмүүст төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй нь харамсалтай. Хүүхэд хамгаалах чиглэлд санхүүжилт олгохгүй байна. Бид түр хамгаалах байрныхаа төсвийн асуудлыг шийдвэрлүүлэхээр өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш хөөцөлдлөө. Нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын даргад удаа дараа хүсэлт өгсөн ч хариу ирүүлсэнгүй. Санхүүжилтгүйн улмаас сэтгэл, зүтгэлтэй, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдээ алдахад хүрээд байна. Уг нь төр засаг төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллавал илүү үр дүнтэй шүү дээ. Төрийн хийж чадахгүй ажлыг гүйцэтгэх мэргэжилтэн олон бий” гэв. Мөн “Хүйсийн тэгш эрх” ТББ-ын хамгаалах байруудын ч үйл ажиллагаа ч доголджээ. Тус төвийн тэргүүн Г.Ганбаясгах “Хамгаалах байрууд зардалгүй болсон тул үйл ажиллагааг нь зогсоосон. Төрөөс жилд тендер зарлаж, сонгон шалгаруулалтад тэнцвэл хэдэн төгрөг олгодог байсан. Хүүхэд хамгаалал, хохирогчийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гадаадын эх үүсвэрээс хэт хараат байлгах нь эрсдэлтэй. Монгол Улс хүүхэд хамгаалалд хангалттай төсөв хуваарилж, мэргэшсэн байгууллагынхантай хамтарч ажиллах тогтолцоог бий болгох шаардлагатай. Хүүхэд хамгаалал бол төрийн бодлогын салшгүй хэсэг. Олон талын хамтын ажиллагаагаар үр дүнд хүрнэ” гэсэн юм.
Төр, хувийн хэвшлийнхэн хамтрах нь чухал
Дэлхийн олон улсад гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх нэг цэгийн үйлчилгээний төвүүд ажилладаг. Хохирогчдод эрүүл мэнд, хууль, эрх зүй, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал зэрэг олон талын тусламж, үйлчилгээ үзүүлэх нь тэдний гол зорилго. АНУ, Канад, Британи зэрэг улсад энэ төрлийн тусламж, үйлчилгээ нь үлгэр жишээ болохуйцаар хөгжжээ. Тухайлбал, АНУ-ын Засгийн газар нь төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хамтдаа хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцдэг байна. Манай улсад хохирогчийг хамгаалах бодлого, хууль, эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй хэвээр. Төр, төрийн бус байгууллага, хууль сахиулагчдын хамтын ажиллагааг сайжруулахаас эхлээд хохирогчийн мэдээллийг нууцлах, хамгаалах тогтолцоо бүрдээгүй. Хүчирхийлэлд өртсөн хүний эмзэг мэдээллийг ил тод зарлах нь хэвийн үзэгдэл болсон. Хохирсон дээр нь дахин хохироосоор л байдаг. Нэг хүний амь юугаар ч орлуулшгүй үнэтэй. Ганц ч гэсэн иргэнээ цаг бусаар алдахгүй байхад төрийн бодлого дутагдаж байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, цаашдын амьдралдаа хөл алдахгүй байхад нь тусалж дэмжих нь туйлын чухал. Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж сайрхаж суухад цаана нь олон хүүхэд хүчирхийлэлд өртөж, хүйтэнд орох оронгүй, очих газаргүй, ирээдүйдээ итгэлгүй өсөж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртөж, хүсээгүй хүүхдээ төрүүлсэн насанд хүрээгүй ээжүүд, хоол тэжээлийн дутагдалд орсон, эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй багачууд, зодуулж, гэмтэж бэртсэн хүмүүс хамгаалах байранд л толгой хоргоддог. Эдгээр газар төсөвгүйн улмаас хаалга баривал ямар харамсалтай вэ. Бүх шүд нь хорхойтсон, эцэг, эхдээ хаягдсан хоёр настай хүүхдийг хамгаалах байранд хэд хонуулаад, эрүүл мэндийн тусламж үзүүлж, асрамж халамжийн төвд өгөх гэтэл зүрхний төрөлхийн гажигтай гээд хүлээж аваагүй тухай нэгэн хамгаалах байрны ажилтан ярьсан юм. Хөөрхий хүүхдийг хөхөө өвлийн хүйтэнд гудамжинд гаргалтай биш хэмээн халагласан.
Амиа хорлохыг завдсан 21 хүн тусламж авчээ
Манай улсад эмнэлэгт түшиглэсэн, нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг газар Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) -д бий. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, томчуудад 24 цагаар тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганц төв юм. Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн шөнө оройн цагаар үйлдэгддэг байна. Энэ үед хохирогчдод тусламж дэмжлэг үзүүлэх түр хамгаалах байр хамгийн чухал. Гэтэл энэ газарт ч мөн төсөв, байрны хүрэлцээ хангалтгүй. Оны өмнөхөн тус төвийн үйл ажиллагааг зогсоох, дүүргүүдэд хуваарилах талаар яригдсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн “аврал” болсон уг төвийн үйл ажиллагааг зогсоочихвол хохирогчид хаана хандах вэ.
Өнгөрсөн онд гэхэд тус төвд 1300 орчим хүн хандаж, тусламж авчээ. Тэдний 1129 нь насан хүрэгчид, 171 нь хүүхэд байж. Жил бүр тусламж хүссэн хүн 20-30-аараа нэмэгдэж буйг тэндхийн нийгмийн ажилтан хэлсэн юм. Энэ талаар тус төвийн хамгаалах байрны нийгмийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ “ГССҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээний төвд одоогоор 145 том хүн, 27 хүүхэд хандсан байна. Бүгд эрүүл мэндийн үйлчилгээ авсан. Ихэвчлэн тархи толгой, гар сарвууны тасагт хэвтэж эмчлүүлсэн. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг холбон зуучлах үйлчилгээнд хамруулахаар Хүүхдийн тусламжийн 108 төвд мэдээлдэг юм. Заримыг нь хамгаалах байранд байрлуулж байна. Хүнд гэмтсэн хүмүүсийг эндээ байрлуулж байгаад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Манай хамгаалах байр дөрвөн ортой учир олон хүн байрлуулах боломжгүй. Шаардлагатай хүмүүсийг л 72 цаг байрлуулдаг. Дараа нь урт хугацаанд байрлах боломжтой хамгаалах байр луу шилжүүлдэг. Гэвч сүүлийн үед хамгаалах байрууд “Хүн хүлээж авахгүй”, “Дүүрэн хүнтэй” гэх зэргээр цааргалах болсон” гэв. Гэр бүлийн болон бие махбод, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд энэ төвд цөөнгүй хандсан нь анхааралдаа авах асуудал болжээ. Тус төвийн хамгаалах байр стандартын шаардлагад нийцэхгүй, зай талбай багатай учир эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тусад нь байлгах боломжгүй аж. Үүнээс гадна амиа хорлохыг завдсан иргэдийг хүлээн авч, тусламж үзүүлж буй гэнэ. Энэ он гарснаас хойш амиа хорлох ордлого хийсэн 21 хүн тус төвд ханджээ. Ачаалал их, тусламж шаардлагатай хүн олон ч ажиллах хүч, санхүүжилт хомс хэвээр олон жил болж буйг тус төвийнхөн ярьж байна.
Нэг цэгийн үйлчилгээний төв нь ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албанд харьяалагддаг аж. Таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад саяхан нэг нийгмийн ажилтнаар хүч нэмсэн гэнэ. Нийгмийн ажилтнууд ээлжлэн 24 цагаар хонож ажилладаг ч үндсэн цалингаас өөр урамшуулал авдаггүй байна. Тэр ч бүү хэл, хамгаалах байранд шаардлагатай ахуйн хэрэглээний зардал олгодоггүй аж. Санхүүжилтгүй учир хохирогчдод эмнэлгийн хоолноос илүүчилнэ. Ажлын цаг дууссаны дараа ирсэн хохирчдод ажилтнууд нь халааснаасаа хэдэн төгрөг гаргаж, халуун цай авч өгдөг гэнэ. “Тэнгэрийн хишиг” компани долоо хоногт дөрвөн уут боов өгдөг бөгөөд үүгээр л хохирогчид өл залгуулдаг аж. Орон гэргүй, хүчирхийлэлд өртсөн хүмүүс бусдын хандивласан хуучин хувцсыг өмсөөд явдаг байна. Амь эрсдэхийн даваан дээр арай гэж зугтсан, зодуулаад ухаангүй ирсэн хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд хэн нэгний тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Эмнэлэг түшиглэсэн учир эрүүл мэндийн тусламжийг яаралтай үзүүлдэг ч сэтгэл зүйн болон нийгмийн бусад үйлчилгээ орхигддог талтай. Тус төвд сэтгэл зүйч байхгүй. Шаардлагатай үед эмнэлгийнхээ сэтгэл зүйчийг дуудаж, үйлчилгээ авдаг аж. Манай улсад үүнээс өөр эрүүл мэндийн байгууллага түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг нь Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг. Мөн л үйл ажиллагааны санхүүжилтгүй, хүн хүчний хомсдолтой. ГССҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээний төвийн бүтэц, орон тоог энэ онд хэвээр нь баталсан байна. Гэвч цаашид хэрхэх нь тодорхойгүй. Хүчирхийллийн хохирогчид, нэн ялангуяа хүүхэд хамгаалалд төр засаг гар татах бус, сунгах цаг болжээ.