Он гарснаас хойш менингококкт халдвараар хоёр хүүхэд өвчилж, нэг нь эндсэн билээ. Уг өвчний тархалтын оргил үе ирэх сард тохиохыг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна. Энэ үеэр уламжлалт Цагаан сарын баяр болох учраас эрсдэл улам ихэснэ гэж Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлжээ. Тиймээс баярын бэлтгэл хийх болон тэмдэглэхдээ олон хүн цугларсан газарт бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг зөвлөлөө. Ялангуяа хүүхдүүд эл халдварт өртөх өндөр эрсдэлтэй учраас золгохдоо амны хаалт зүүх нь зүйтэй гэв. Мөн менингококкт халдвар үүсгэгч нян нь дулаан, чийглэг орчинд үржиж, өвчилсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар буюу маш хурдан тархах эрсдэлтэйг сануулжээ.
Эл халдварт өвчин таван жилийн үечлэлтэйгээр дэгддэг бөгөөд энэ онд тархалт нь нэлээд ихсэж болзошгүй гэсэн таамаглалыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн гаргаад буй юм.
М.Оч