Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн донорын элгийг дурангаар тайрах мэс заслын арга нутагшуулснаа өчигдөр мэдээллээ. Тус төвийн эмч нар 2018 оноос эхлэн хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж буй. Өнгөрсөн хугацаанд тэд 180 хүнд элэг шилжүүлэн суулгажээ. Харин 181, 182 дахь хагалгааг өчигдөр хийхдээ донорын элгийг дурангаар тайрах арга ашигласан байна. Энэ талаар ХСҮТ-ийнхөн “Элэг шилжүүлэх мэс засалд өвчтөн болон донорын элгийг тайрах нь хамгийн чухал, хариуцлагатай үе байдаг. Донорын аюулгүй байдлыг хангах үүднээс манай Элэг, цөс, нойр булчирхай, эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн 2024 оноос донорын элгийг дурангаар тайрах хөнөөл багатай мэс заслын аргыг нутагшуулахаар ажилласан. Дурангийн аргыг бусад элэг, цөс, нойр булчирхайн хагалгаанд 2018 оноос хойш ашиглаж, өнгөрсөн хугацаанд технологио сайжруулан, эмч нараа тасралтгүй сургасны хүчинд өнөөдрийн дэвшилтэт эмчилгээг хийх боломж бүрдсэн” гэв.
Монголд анх удаа хийсэн дээрх мэс заслын багийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зөвлөх, профессор Кван Вүүн Ли, профессор Ким Жэй Юүн, сувилагч Шин Юн Хэй нар ажиллажээ. Кван Вүүн Ли нь 2013 оноос хойш олон улсад элэг шилжүүлэн суулгах 150 гаруй мэс засал хийж, тухайн орнуудад уг эмчилгээг нутагшуулсан, эрүүл мэндийн салбарын даяаршилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтдийн нэг аж. Түүний багийнхан 2015 оноос донорын элгийг дурангаар тайрах хагалгаа хийж эхэлсэн бөгөөд өдгөө роботын аргыг эрхтэн шилжүүлэх эмчилгээнд нутагшуулаад буй гэнэ.
О.Ундрах