Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүр салбараа нээхээр болcонд олон нийт дургүйцлээ илэрхийлээд байна. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээс сонгон шалгаруулалтын талаар тодрууллаа.
-Төрийн ордны цогцолборт үйл ажиллагаа явуулах зоогийн газар, кофе шопыг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
-Монгол Улсын Засгийн газраас төр бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг шийдвэр гарсан. Тиймээс Төрийн ордонд үйл ажиллагаа явуулж байсан зоогийн газар, кофе шопыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож, татан буулгасан. Төрийн ордонд УИХ, Засгийн газрын хуралдаан, бусад зөвлөгөөн, байнгын хорооны хурал болдог. Үүнд оролцохоор гаднаас төрийн албан хаагч, гадны төлөөлөгч олноор ирдэг. Тиймээс жижиглэн худалдааны сүлжээ газруудыг ордонд нээх нь зүйтэй гэж үзсэн. Улмаар үйлчилгээг сайжруулахаар нээлттэй ил тод сонгон шалгаруулалт зарлаж, өдөр тутмын сонин, сайт, мэргэжлийн холбоодоор дамжуулж зар тавьсан. Зоогийн газрыг 10, кофе шопыг 14 байгууллага, жижиглэн худалдааг таван газар сонирхож манайд хандсан. Жижиглэн худалдаа дотор GS25 сүлжээ дэлгүүр орж ирсэн. Зоогийн газрын шалгаруулалтад Amigo сүлжээ рестораны Кафена гэдэг газар шалгарсан. Кофе шопийн тендерт "Caffe Bene" шалгарсан. Журмын дагуу сонгон шалгаруулахад үнийн санал нөлөөлсөн. Жижиглэн худалдааны дэлгүүрийг таван компани сонирхсон ч хоёр нь үнийн санал өгсөн. GS25 компани хамгийн өндөр үнэ өгсөн. Төрийн ордон онцгой объект учраас сүлжээ дэлгүүрт архи, согтууруулах ундаа зарахгүй. Монгол компаниуд бололцооны хэмжээнд өрсөлдсөн. Гэхдээ журмаа дагаж, хамгийн өндөр үнийн санал өгсөн компаниудийг шалгаруулсан.