УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар өчигдөр УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай хэсгийг нэмэхээр төсөлд тусгасан байна. Тодруулбал, “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүний олонхын саналаар шийдэж, УИХ-ын даргад шийдвэрээ бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэх нэмэлтийг оруулахаар санаачилжээ.
Төслөө өргөн мэдүүлсний дараа тэд мэдээлэл хийв. Гишүүн О.Цогтгэрэл “Сөрөг хүчний хувьд улс орны хэмжээний бодлогын асуудлаар байр сууриа нэгтгэх, илэрхийлэх боломжгүйгээр зургаан сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд бүлгийн хуралдаанд нэг, хоёр гишүүн л оролцож байсан. Эсвэл гишүүдийн олонх нь суухаар бүлгийн дарга маань тамга, тэмдгээ авч явах гэх мэтээр хуралдаан хийхгүй, хүчингүй болгох, хойшлуулах олон арга хэмжээ авч ирсэн юм. Уг нь энэ асуудлыг АН-ын бүлгийн дүрмээр хангалттай зохицуулчихсан. Парламент, тэр дундаа АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлд УИХ-ын даргыг шахаж, шаардаж ажилласан ч үр дүнд хүрээгүй. Энэ асуудлыг зохицуулах харилцаа холбогдох хуульд байхгүй гэдэг тайлбарыг УИХ-ын даргын зүгээс хэлж ирсэн учраас тодорхойгүй заалтыг ойлгомжтой болгох үүднээс эл төслийг санаачиллаа. УИХ-ын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч, нэлээд хугацаа өнгөрлөө. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой зохицуулах, нийт гишүүнийх нь олонх даргаа чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүргээ хэрэгжүүлэх зохицуулалтыг УИХ-ын тухай хуульд нэмж тусгах зайлшгүй шаардлагатай байгаа” хэмээн онцлов.
АН-ын бүлгийн дарга тойрсон маргаан дэгдэх үед УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлэг байгуулагдсаныг УИХ-ын дарга мэдээлэх үүрэгтэй. Үүний дагуу би бүлэг байгуулагдсаныг нэгдсэн хуралдааны индэр дээрээс уншиж танилцуулсан. Хуульд үүнээс өөр зохицуулалт байхгүй” гэх тайлбар хийж байсан юм.