“Зам гүүрийн хорьдугаар товчоон” компанийн эзэн хятадууд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд гомдож, цагдаад өргөдөл гаргажээ. Тодорхой хэлбэл, тус компанийн инженер Чен Хо-г гишүүн Б.Дэлгэрсайхан зодсон гэнэ. Тодорхой хэлбэл, Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах, “Теди” төвийн урд талын оффистоо удаа дараа дуудаж, дарамталсан гэнэ. Улмаар инженер Чен Хо, орчуулагч Ван Дү Мэг дагуулан арваннэгдүгээр сарын 11-ны 17.00 цагийн үед УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай уулзахаар очжээ. Тэгтэл УИХ-ын эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан инженер Чен Хо-г “Чи муу яагаад ам хамрын хаалтаа авдаггүй юм бэ” хэмээн нүүрэн тус газар нь хэд хэд цохиж, хамрыг нь хугалан, шилбэ, тархи толгой руу нь хайр найргүй өшиглөсөн ажээ. Орчуулагч Ван Дү Мэ “Та УИХ-ын гишүүн хүн ингэж болохгүй” хэмээн дундуур нь орж гараа гэмтээсэн гэнэ. Улмаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Наад муу янханаа өрөөнөөс гарга” хэмээн туслах залуустаа тушаасан байна. Улмаар орчуулагчийг чирж гарган, дараа нь инженерийг цаг шахам зодсон хэмээн эх сурвалж хэлэв. Улмаар орчуулагч эмэгтэй цагдаад дуудлага өгсөн юм байна.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бие бүрэлдэхүүн шуурхай ирж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Б.Дэлгэрсайхан гишүүн ч цагдаад шалгуулж байгаа хүлээн зөвшөөрч мэдээлэл өгсөн байна. Тэрбээр, "Намайг цагдаа шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ би хүн зодоогүй" гэжээ.
Хохирогч Чен Хо-гийн шилбэний махыг ярагдаж, яс нь цухуйсан гэнэ. Улмаар хамар нь хугарч, тархинд нь цус хурсан, өвдөг бяцарсан, шилбэний 10 см орчим ярагдсан гэх. Тэрбээр Гэмтэл, согог сэргээн засах үндэсний төвд яаралтай очиж оёо тавиулж, зөвлөгөө авсан байна. Хохирогчийг хууль ёсны өмгөөлөгч, орчуулагч нар дагалдан мөн эмчид үзүүлж, шинжилгээ өгсөн аж.