Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Үерт өртсөн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хохирлыг нь барагдуулахыг шаардав

Их хэмжээний аадар борооны улмаас усанд автсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл төв талбайд өчигдөр тайван жагсаал хийж, холбогдох албаныханд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, өнгөрөгч оны 7-8 дугаар сард нийслэлийн 70 орчим хороо, 200 гаруй орон сууц, хашаа үерт өртөж, 40 мянга гаруй өрх цахилгаангүй болж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Түүнээс хойш 10 гаруй сар өнгөрсөн ч иргэд, аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулаагүй байна. Тэдний төлөөлөл тухайн үед хохирлын хэмжээ, мөнгөн дүнгээ баримт бичигтэй нь холбогдох байгууллагад хүргүүлсэн ч одоо хүртэл ямар ч арга хэмжээ авч, хариу өгөөгүйг онцоллоо.
2024-06-12

Энэ он гарснаас хойш 12 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ

Манай улсад энэ оны таван сард 12 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Эдгээрээс тал хувь буюу зургаан тохиолдлыг өнгөрсөн сард илрүүлсэн нь нэлээд өндөрт тооцогдож байна. Үүний өмнөх буюу дөрөвдүгээр сард нэг хүн ХДХВ-ийн халдвар авсныг тогтоож байсан аж. Манай улсад ХДХВ-ийн халдвар авсан нийт хүний тоо одоогоор 380-д хүрчээ. Уг халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ. 
2024-06-12

Шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг ХЭҮК-оос зөвлөлөө

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос таван зүйл бүхий зөвлөмж гаргажээ. Сонгуулийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд сонгогчдын бүртгэл тойрсон зөрчил, маргааныг шуурхай арилгах, ажиглагчдыг ялгаварлахгүй байх, санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын үнэн зөв байдлыг хянах механизмын талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн хүрээтэй явуулахыг тэд зөвлөжээ. Мөн сонгуулийн оролцоог хангах, сонгогчдыг ялгаварлахгүй байх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын санал өгөх боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн байна.
2024-06-12

Х.Баярхүү нарт холбогдох хэргийг нэмж шалгаж дууслаа

АТҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Х.Баярхүү, Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарын дарга У.Золбоо нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэхгүй, үл ялих шалтгаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар АТГ-ын мөрдөгчид шүүхээс даалгасан ажиллагааг нь хийгээд дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон аж. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 922 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 11-т нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсний дотор Х.Баярхүү, У.Золбоо нарынх багтсан юм. 
2024-06-12

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний талаар туршлага солилцож байна

Дэлхийн банк, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурлыг зургадугаар сарын 10-12-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулж байна.
2024-06-12

Баруун, төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно

Зургадугаар сарын 12,13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-12

Долоо, наймдугаар сард оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг хязгаарлана

Их, дээд сургуулиудын амралт эхэлж байгаа тул оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг хэсэг хугацаанд хязгаарлах болсныг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.
2024-06-11

Монголд шүүхийн сэтгүүл зүй төлөвшсөн үү

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдийг мэргэшүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулав. Шүүхийн сэтгүүл зүйг Монголд төлөвшүүлэх, сэтгүүлчдийг чадавхжуулах жимийг 11 жилийн өмнө гаргаж байжээ.  Тодорхой хэлбэл, шүүгч, сэтгүүлчид хараат бус байдлаа хадгалахын зэрэгцээ хүний эрхийг дээдэлж, иргэний мэдэх эрхийг хангахын тулд хамтрах ёстой хэмээн хэвлэл мэдээллийн салбарынхныг шүүхийн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож эхэлсэн байна.
2024-06-11

Үндэсний номын сангаар үйлчлүүлэх уншигчдын тоо нэмэгдсээр байна

Монгол Улсын Үндэсний Номын сангийн шинэ байр Салбар номын санд ирж үйлчлүүлж буй уншигчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Шинэ байрны үйл ажиллагаа эхэлснээс хойших 10 хоногийн хугацаанд 1000 гаруй хүн шинээр уншигчийн үнэмлэх нээлгэжээ. Үүний дийлэнхийг ЕБС-ийн сурагчид эзэлж байгаа билээ. Улмаар төв байрандаа 16-аас дээш насны иргэдэд үйлчилдэг байсан бол шинэ байрны үйл ажиллагаа насны хязгааргүй болсон юм.
2024-06-11

Шинжлэх ухаан, технологийн салбарт Тайваньтай хамтарна

Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Тайваний худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар болон Тайваний Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
2024-06-11

Зудад өртсөн хүүхдүүдэд дасгал ажлын дэвтэр хүргэнэ

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын дэвтэр хэвлүүлээд буйгаа Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Эхний ээлжид 1000 дэвтэр хэвлэсэн бөгөөд тэдгээрийг Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв, Завхан зэрэг аймгийн өвөлжилт хүндэрсэн, зудад өртсөн сумууд дахь 4-5 настай хүүхдүүдэд хүргэх гэнэ. Бага насны хүүхдийн хөгжил, боловсролын талаарх судалгаа дүн шинжилгээ, дэвшилтэт арга зүйд тулгуурлан энэхүү дэвтрийг гаргаснаараа онцлогтой аж. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ сургуульд амжилттай бэлтгэхэд туслах мэргэжлийн баг үүнийг боловсруулжээ. Мөн бусад хүүхэд ч уг дэвтрийг ашиглах боломж бүрдүүлэхийн тулд цахим орчинд байршуулаад буй юм байна.
2024-06-11

Өнгөрсөн сард 252,529 зөрчлийн хэрэг бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2024 оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурч, 252.529 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна.
2024-06-11

Хорих ял эдэлж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг шалгаж байна

Дорноговь аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.
2024-06-11

Азийн инновац, соёлын форум зохион байгуулах нь 

“Азийн инновац, соёлын форум-2024” энэ баасан гарагт болно. Уг хэлэлцүүлэг нь манай улсын соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулж, олон улсын арга туршлага, технологиос суралцах, хамтран ажиллах боломжийг нээх зорилготой аж. Хэлэлцүүлгийн үеэр виртуал ертөнцөд суурилсан нийгмийн сүлжээ “Guyuk metaverse”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Энхбаяр “Монгол дахь метаверсийн өнөөгийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монголын түүх ба соёл” сэдвээр илтгэл тавих юм байна. Харин гадаадаас Япон, Хятад улсын төлөөллүүд оролцож, техник, технологи, метаверс, виртуал орчны талаар илтгэл хэлэлцүүлж, сэтгэгдлээ хуваалцах гэнэ. Энэхүү хэлэлцүүлгийг Соёлын яам, БОАЖЯ, Монголын анимэйшний холбоо хамтран зохион байгуулах юм.
2024-06-11

Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл олгосон ч цахилгааныг нь холбосонгүй

Хоол хүнс бол тухайн улс үндэстний соёлыг илэрхийлэх томоохон хүчин зүйлсийн нэг. Тиймдээ ч уламжлал, соёлтой нь салшгүй холбоотой. Зарим улс орны хувьд гудамжны хоол нь нэрийн хуудас болтлоо хөгжсөн нь ч бий. Тухайлбал, БНСУ, БНХАУ, Япон гэх мэт Азийн оронд энэ соёл нийтлэг ажиглагддаг. Манай улс ч үүнтэй хөл нийлүүлэхийг хичээж буй. Уламжлалт хоол болох хуушуур, буузнаас эхлэн бусад орны үдэн, жантай гоймон зэргийг ч манай үйлчилгээ эрхлэгчид хийж, иргэддээ хүргэж, дэлхийд гудамжны хоолны соёлыг түгээсээр багагүй хугацаа үджээ. Өдгөө хүрээгээ улам л тэлж, хаа нэг харагддаг байсан өнгө өнгийн бүхээгтэй түргэн хоолны машинуудаар нийслэлийг чимэх болсон. Street food буюу гудамжны хоолны соёл Монголд нутагшихад юу саад болж буй болон иргэд үүнийг хэрхэн хүлээж авч буйг сурвалжиллаа. 
2024-06-11

Солонгос компаниуд метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.
2024-06-11

“Монголын нууц товчоо”-ыг брайл үсгээр хэвлэжээ

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайл, кирилл бичгээр “Монголын нууц товчоо”-ыг бүтээжээ. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ярьдаг хувилбарыг ч гаргасан байна. Энэхүү бүтээлийг Үндэсний номын сангийн шинэ салбарт өчигдөр нээлээ. Соёлын яамны санхүүжилтээр Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс уг номыг эрхлэн гаргажээ. Үүгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэхийг зорьсон аж. Мөн монголчуудын бахархалт үеийн түүх, эзэн богд Чингис хааны үлдээсэн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой гэнэ. 
2024-06-11

398 мянга гаруй цэцэг суулгажээ

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд энэ зун 99 байршилд 15 нэр, төрлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөжээ. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайг цэцгээр чимж байгаа гэнэ. Үүнээс одоогоор 398 мянга гаруй цэцэг суулгажээ. Тухайлбал, мандарваа, тахиан залаа, хайтан, лили, алтан зул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан зэрэг төрлийн цэцгийг сонгон хотын өнгө үзэмжийг сайжруулахад ашиглаж буй аж. Мөн нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгэн байгууламж бий болгохоор төлөвлөжээ.
2024-06-11