Авто спортын шинэчилсэн дүрмээр “Мастер кросс” уралдаанд дагах гарааг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Өмнөх уралдаануудад нэг хэсгийн гараанаас цааш шалгаруулах тамирчдын тоо найм байсныг ес болгов. Уг уралдаанд оролцогчдын тоо 60-аас дээш болсон тул ийн шинэчилсэн. Үүнийг дагах гараагаар өөрчилж байгаа аж. Нэгдүгээрт, хэсгийн гараа тус бүрээс эхний найман тамирчин хагас шигшээд шууд шалгарна. Харин ес, 10, 11 дүгээр байрт шалгарсан тамирчид дагах гараанд оролцох эрх авна. Хоёрдугаарт, дөрвөн хэсгийн гараанаас дагах гараанд нийт 12 тамирчин оролцох нь. Тэднээс эхний дөрвөн байрт орсон нь хагас шигшээгийн эрхийг нэмэлтээр авснаар хоёр хагас шигшээ гараанд хуваагдаж оролцохоор болов. Ингэснээр нэг хагас шигшээ гараанд 18 тамирчин өрсөлдөнө. Гуравдугаарт, дагах гараа нь хэсгийн гараа явагдаж дууссаны дараа хагас шигшээ гарааны өмнө явагдах бөгөөд таван тойрог уралдана. Дөрөвдүгээрт, дагах гарааны I, III байрт шалгарсан тамирчин хоёрдугаар хагас шигшээ, II, IV байрт шалгарвал нэгдүгээр хагас шигшээ гараанд гарах юм. Хагас шигшээд IV эгнээнээс гарна. Тавдугаарт, дагах гараанд улсын аваргын болон залуучуудын оноо олгохгүй.
Энэхүү дүрмийн өөрчлөлт нь залуучуудыг нэг уралдаанд тав бус, 10 тойрог уралдуулах, нэмэлт боломж олгох, ижил ойролцоо байраар хэсгийн шатыг дуусгасан тамирчдыг хооронд нь өрсөлдүүлж, дараагийн шатанд оролцуулах зорилготой. Үзэгчид долоон гарааны уралдаан үздэг байсан бол дагах гараатай болсноор наймыг үзэх боломж бүрдэж байна.
Монголын автомашины холбооны Удирдах зөвлөл энэ онд зохион байгуулах цуврал уралдааны урьдчилсан хуваарийг баталлаа. Үүнд, “Мастер кросс”-ыг 10, БАХА-г хоёр, “Мастер ралли”-г нэг удаа зохион байгуулах, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Дорноговь аймагт цуврал уралдааныг явуулахаар төлөвлөсөн. Мөн өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан залуучуудын мастер кроссыг “Мастер кросс” уралдаанаас медаль хүртээгүй тамирчдын дунд зохион байгуулах аж.