НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хариу үйлдэлт асаргаа, халамж” судалгааг 2023 онд үндэсний хэмжээнд анх удаа хийж, дүнг өнгөрсөн сард танилцуулжээ. Судалгаанд тав хүртэлх насныхныг хамруулсан бөгөөд томчуудын тэдэнд тавьж буй асаргаа, халамж 71.9 хувьтай үнэлэгдсэн аж. Тус сангийн бага насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн С.Өлзийсайхан “Тав хүртэлх насны хүүхдүүдийн 28 хувьд нь асаргаа, халамж төдийлөн үзүүлэхгүй байна. Ерөнхийдөө энэ насны хүүхдүүдийн 62 хувь нь хэл ярианы бэрхшээлтэй. Уг шалтгаанаар эмнэлэгт хандах эцэг, эхчүүдийн тоо ч нэмэгдсэн. Энэ нь асран хамгаалагч нар бага насны буюу тархи, хэл яриа нь гүйцэд хөгжөөгүй хүүхдүүдээ гар утсаар саатуулан, их тоглуулж, бичлэг үзүүлж буйтай холбоотой. Үүнээс болоод хүүхдүүд гэрийнхнийхээ хэн нэгэнтэй харилцахгүйгээр дэлгэцэд хэт донтож, улмаар хэл ярианы бэрхшээлтэй болж байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд, тэднийг асарч, халамжлах талд аав нарын оролцоо хангалтгүй, 20 хувьд ч хүрэхгүй байгаа гэсэн судалгааны дүгнэлт гарсан” гэж ярилаа.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж төдийлөн тавихгүй байгааг олонх нь ажлын ачаалал, амьдралын завгүй хэмнэлтэй холбон тайлбарлажээ. Тиймээс төрийн болон хувийн байгууллагуудыг гэр бүлүүдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг Хүүхдийн сангаас уриалж. Ингэхдээ хүүхэд нь өвдөхөд цалинтай чөлөө олгох, цахимаар ажиллуулах зэрэг хэрэгцээ, шаардлага үүсээд буйг тодотгосон байна.
О.Оргилох