Манай улсад улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн сарын 30-нд бүртгэгдсэн. Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн нэгэн иргэнээс уг өвчин илэрсэн юм. Улмаар дөрвөн хүн өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн билээ. Тэгвэл уг өвчний сэжигтэй тохиолдол уржигдар Баян- Өлгий аймагт бүртгэгдэж, лабораторийн шинжилгээ хийхэд улаан бурхан болох нь батлагджээ. Тодруулбал, нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд уг өвчнөөр өвчилсөн гэнэ. Хүүхдүүдийн хамгийн бага нь гурван нас гаруйтай аж. Ойрын хавьтлыг нь тусгаарлаж, шинжилгээ авсан бөгөөд өчигдрийн байдлаар хариу нь гараагүй байв. Тус аймагт Казахстан улсаас иргэдолноор ирдэгбөгөөд улаан бурхан зөөвөрлөгдсөн байх магадлалтай гэнэ. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тандалтын баг тус аймагт ажиллаж буй аж. Мөн Баян-Өлгийд улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлгээр үйлчлүүлэгчдээс асуумж авах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Иргэдийг амны хаалт зүүж, гараа тогтмол угаах, товлолын вакцинд хамрагдаагүй болон хоцорсон бага насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, олны хөлийн газраар дагуулж явахгүй байх, гэр, орон байраа агааржуулахыг эмнэлгийн байгууллагаас зөвлөж буй. Хэрэв улаан гүвдрүүт тууралт нүүрнээс эхэлж бүх биеэр гарч, өндөр халуурах, нусгайрах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандах, 119 тусгай дугаарын утсанд хандаж, мэдээлэл, зөвлөгөө авахыг эмч нар санууллаа.