Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс өмнө боллоо. Үүний дараа Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэлийн талаар танилцуулав.
Ирж буй хичээлийн жилд 2-5 насны 142 150 хүүхэд цэцэрлэгт суралцана. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатанд 103 999 хүүхэд цахимаар илгээсэн бөгөөд энэ сарын 19-21-нд эцэг эх, асран хамгаалагч нарынх нь утсанд хариуг нь илгээж байна. Хоёрдугаар шатны цахим бүртгэл есдүгээр сарын 5-15-нд цахимаар үргэлжилнэ.
Боловсролын сайд П.Наранбаяр "Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Энэ жил 11 768 хүүхдийн хүч чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэр гаргаад байна. Хамран сургах тойргоо тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 000 хүүхдийг хувьсах зардлыг нь төрөөс дааж, явуулна. Нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд гурван ээлжид орох эрсдэлтэй байгаа. Иймд 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалтаар байр түрээслэхээр ярьж байгаа. 22 сургуулийнх нь байрыг шийдвэрлэсэн бөгөөд 15 955 хүүхэд суралцах боломжтой" гэв. Үүнээс гадна “Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх чиглэлээр багш бус мэргэжилтэй их, дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Энэ хугацаанд хөрвөх сургалтаар багш мэргэжил эзэмшиж үндсэн багшаар ажиллах боломжтой болно. Хичээлийн жилийн нэгдүгээр улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах, тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр арга хэмжээ авч байна” гэж мэдээллээ.
Мөн сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн нээлтэд дарга нарыг оролцуулахгүй гэж хэлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 12-25-нд үргэлжилнэ гэдгийг сайд давхар санууллаа.