Улирлын томуу, томуу төст өвчин зэрэг амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд нэмэгдсэн. Тиймээс Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас өвчтөний цусан дахь хүчилтөрөгчийн түвшин хэмждэг мэдрэгч багаж болох импульсийн оксиметрийг Эрүүл мэндийн яаманд өчигдөр хүлээлгэн өгчээ. Эдгээр багажийг сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шуурхай хуваарилан олгохоо ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Э.Мөнхсүлд хэлсэн юм.
Ташрамд дуулгахад, импульсийн оксиметрээр хүчилтөрөгчийн дутагдалд орсон, эсвэл амьсгалын асуудал бий, үгүйг хурдан хугацаанд илрүүлэх боломжтой. Мөн цусны эргэлт, зүрхний үйл ажиллагаа, уушги, амьсгалын замын өвчнийг хянахад нэн шаардлагатай багаж хэрэгсэл юм.
Ч.Болор