Нийслэлийн 79 дүгээр сургуулийн газар зүйн багш Б.Дайчинбаатар 1830 км замыг 22 хоногт дугуйгаар туулж, Алтай Таван богдод хүрчээ. Энэ нь түүний дөрөв дэх аялал бөгөөд жилийн өмнөөс төлөвлөж, шаардлагатай зардлаа бүрдүүлжээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд Улаанбаатар хотоос аяллаа эхлүүлж, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэсэн маршрутаар явсан юм байна. Б.Дайчинбаатар “Алтай Таван богд уулын Малчин оргилд гараад монгол хүн болж төрснөөрөө омогших, бахархах сэтгэл төрсөн. Мэдээж олон бэрхшээлийг туулсан ч халуунд халж, хүйтэнд хөрөх нь байгальтайгаа ойр байхын нэг сайхан талгэж боддог” гэв.
Газар зүйч анх 2020 оноос дугуй унаж эхлэн, 2021 оны долоодугаар сард Хэнтий аймгийн Биндэр сум руу нэг талдаа гурван шөнө, дөрвөн өдөр аялж байжээ. Үүний дараа 2022 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Гүнжийн сүм, өнгөрсөн онд Дундговь аймгийн Их газрын чулуу руу 11 шөнө, 12 өдөр аялж, 840 километр зам туулсан байна. Тэрбээр Монгол орноо дугуйгаар тойрох хүсэлтэй гэнэ. Алсдаа Дундад Азийн Киргиз, Тажикистан улс руу аялахаар төлөвлөжээ.
Э.ЖАВЗАНДУЛАМ