Өнгөрсөн онд говийн бүсэд сүүлийн 30 жилд тохиогоогүй өнтэй, дэлгэр зун болсны үрээр монгол ногтруу (syrrhaptes paradoxux) эрс олширсныг судлаачид хэлэв. Монгол, Казахстаны нутагт тархсан эл жигүүртний популяц агаарын температур, хур тунадасны хэмжээ, идэш тэжээлийн хүрэлцээ зэргээс шалтгаалан өвлийн улиралд өмнө зүг рүү нүүдэллэх нь элбэг гэнэ. Харин 2024 онд цас их орсны ачаар говийн бүсийн нийт нутгаар өвс ургамал жигдэрч, монгол ногтрууны гол идэш тэжээл болсон харалдай хамхаг, сульхир гойд сайн ургажээ. Энэ нь тус жигүүртэн Монголд хорогдон өвөлжих таатай нөхцөл болсон байна. Өмнөговь аймаг дахь “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр “Сая сая ногтруу нэг дор цуглах болов. Тэдний нисэх чимээ, нургилах дуунд толгой эргэм байлаа” хэмээн өгүүлэв.
Н.Мишээл