Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн тайланг хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх хурал өчигдөр боллоо. Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 13 сумд зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх, байгаль хамгааллыг сайжруулах, заган ойг нөхөн сэргээх ажлуудыг өнгөрсөн онд хийсэн байна. Тухайлбал, Бөөнцагаан нуур орчмын 97 мянган га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад 30 жилийн хугацаатай авах ажлыг Баянхонгор аймгийн болон Баацагаан сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ. Тэрчлэн заган ойг сэргээх, үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор Шинэжинст сумын нутаг дахь 300 га талбайг хашаалж, хамгаалсан аж. Мөн Архангай аймгийн удирдлагуудтай хамтран “Бөхөн шарын нурууны орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа” ОНӨААТҮГ-ыг байгуулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын пассив барилга, эко баазыг Эрдэнэмандал сумд ашиглалтад оруулжээ.
Нэн ховор, ховор амьтан, ургамлыг хамгаалах үүднээс сум, орон нутгийн байгаль орчны байгууллага, малчид, нөхөрлөлүүдийг чадавхжуулах, мэдлэг, мэдээллээр хангах ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Эл төслийнхөн зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд Говь-Алтай аймагт дөрвөн газарт шинээр худаг гаргажээ. Түүнчлэн олон улсын жишигт хүрсэн, үндэсний хэмжээнд тэргүүлэх эко сургууль, сурагч бэлтгэх хөтөлбөрийг тус аймгийнхантай хамтран хэрэгжүүлж эхэлсэн гэнэ.