Бид япончуудыг ажлын төлөө төрсөн хүмүүс гэж ярьдаг. Гэвч ажлын төлөө хэт улайрах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Японд ажлаас шалтгаалсан стресс өндөр түвшинд байгааг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж, гарц гаргалгаа хайх болсон юм. Цагийн хязгааргүй ажил, үүрэг хариуцлага нь олон хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, стресст хүргэж буй гэнэ. Тус улсад “кароши” буюу ажилтай холбоотой үхэл гэх ойлголт түгээмэл бөгөөд хэт их хөдөлмөрлөсний улмаас нас барах тохиолдлыг ийн нэрлэдэг ажээ. Тиймээс Япон Улс энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоногт дөрвөн өдөр ажиллахаар төлөвлөж буй. Тодруулбал, Японы Токио хотын төрийн албан хаагчид долоо хоногийн дөрвөн өдөр нь ажиллах бөгөөд энэ нь хөдөлмөр эрхэлж буй ээжүүдэд туслах, төрөлтийг дэмжих, алба, хувийн амьдралын тэнцвэрийг хангаж, чанарыг сайжруулах зорилготой аж.
Хойшид энэ шийдвэрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэн, хувийн хэвшлийнхнийг ч татан оролцуулах гэнэ. Дэлхийн олон орон ажилтнуудынхаа ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цалин урамшууллыг нэмэх, эрүүл мэнд, сэтгэл зүйд нь анхаарах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, үр хүүхэд, ар гэрийнхэндээ цаг гаргах боломжоор хангах зэргээр ажиллах хүчиндээ ихэд санаа тавьж байна. Тухайлбал, Бельгид сэтгэл гутралд орсон ажилтнууддаа цалинтай чөлөө олгодог аж. Эмчийн дүгнэлтээр ажилтан сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаанд чөлөө авсан бол ажил олгогч болон нийгмийн даатгалын сангаас цалингийн тодорхой хувийг олгодог гэнэ. Ийм шалтгаантай ажилтнууд хуулийн дагуу эхний сар ажил олгогчоос 100 хувийн нөхөн төлбөр авдаг. Энэ тогтолцоо нь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, ажлын байрны стрессийг бууруулах, хүмүүст эрүүл мэнддээ санаа тавих боломж олгож буй. Финландад хөдөлмөрийн цаг уян хатан бөгөөд ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэгддэг. Сайн боловсрол, сургалтаар дамжуулан ажилчдын бүтээмжийг дээшлүүлж, цалинг шударгаар тооцон, хөдөлмөрлөх орчинд гойд анхаардаг юм байна. Швейцар бол дундаж цалингийн систем хамгийн өндөртэй орны нэг. Илүү цагийн хөлсийг өндөр үнэлдэг. ХБНГУ-д гэхэд ажилчид нь компанийн удирдлагадаа санал оруулах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг сайтар мөрддөг аж. Ажилчид нь эрүүл мэндийн асуудалгүй, ар гэртээ санаа зовохгүй, аз жаргалтайгаар хөдөлмөрлөх нь ажлын бүтээмжид, цаашлаад байгууллагад нь өндөр үр ашигтайг мэддэг, иргэнээ боддог улс орны энэ мэт жишээ цөөнгүй бий. Харин Монгол Улсад хөдөлмөрлөх нөхцөл ямар байна вэ.
Монголд ажилд хийе гэвэл хувийн амьдралгүй мэт, морь, нохой шиг зүтгэх л сонголт бий. Үүрийн гэгээнээр гарч, үдшийн бүрийд л орон гэрийнхээ барааг харвал их юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хүн өдөрт найман цаг ажиллах ёстой. Гэвч ихэнхдээ илүү цагаар ажилладаг. Үүнд хотын түгжрэлийн “хувь нэмэр” их. Өглөө 08.00 цагт ажилдаа амжиж ирэхийн тулд гэрээсээ 2-3 цагийн өмнө гарахгүй бол хоцрох нь түгээмэл. Тараад гэртээ хэзээ харихыг ч өнөөх түгжрэл “мэднэ”. Нийслэлчүүд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг авто зам дээр өнгөрүүлдэг гэсэн судалгааг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан юм. Энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг хэмээн танилцуулсан нь саяхан. Хайран цагаа зам дээр өнгөрүүлсэн иргэд стресстэж, ажлын бүтээмжид ч сөргөөр нөлөөлж байна.
Манай улсын иргэдийн цалингийн хэмжээ бусад орныхтой харьцуулахад харьцангуй бага. Өндөр цалинтай гэгддэг уул уурхайн салбарт ажиллагсад хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, 3.5 сая монголчуудын ажиллах хүчний тоо ердөө нэг сая гаруй. Хачирхалтай нь, ажилтан хайсан байгууллага, ажил эрсэн иргэдийн хүсэл сонирхол огтлолцохгүй явсаар өдий хүрэв. Амсуулах төдий цалингаар ахадсан ажил хийхийг хэн хүсэх вэ. Нэг талдаа цалин урамшуулал, ажиллах нөхцөлөө голсон иргэд. Нөгөө талд нь амралтгүйгээр ажиллуулах сонирхолтой эзэд. Барилга, үйлчилгээний салбарт ажиллах хүн олдохгүй байна, монголчууд залхуу гэж шүлсээ үсчүүлэгчид олон. Гэвч тэнд ямар нөхцөлд, хэдэн төгрөгөөр хүнийг ажиллуулах гэж улайрч буйг дурддаггүй. Цаг наргүй ажиллуулан, бэлэн гоймонгоор өл залгуулчхаад цалинг нь ч бүрэн өгдөггүй боолчилдог шүү дээ. Ажлын цагийн нарийн зохицуулалт байхгүй, амралт, баяр ёслолын өдрүүдэд ч ажилладаг, бохир заваан, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй хүнд нөхцөлд хүмүүсийг “хүчээр” ажиллуулж болохгүй. Дээр нь ажил олгогч нар эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн асуудалд нь огт санаа тавьдаггүй зэрэг нь иргэдийг тогтвортой ажиллахад сөргөөр нөлөөлөх болжээ. Хэдийгээр хөдөлмөрлөх эрхийг зохицуулсан хууль тогтоомж бий ч хэрэгжүүлдэг нь цөөн. Мөн ажлын байрандаа сурч хөгжих боломж олгодоггүй, үндсэн үүргээс нь гадна өөр олон ажил нэмж хийлгэдэг зэрэг нь ажилчдыг халшрахад хүргэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.2 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно”. Тус хуулийн 109.4-т “Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэх мэтээр тодорхой заасан байдаг. Үүнийг ягштал мөрддөг нь хэд бол. Ялангуяа хувийн салбарт ажиллаж буй хүмүүс хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр. Ажил олгогч, эсвэл капитал эзэмшигч нь ажилчдын хөдөлмөрийг шударгаар бус, илүү их ашиг орлого олохын төлөө тэдний эрх, үнэлэмжийг зөрчиж буй үйл явцыг хөдөлмөрийн мөлжлөг гэж тодорхойлдог. Шинээр ажилд орсон хүнийг цалингүй ажиллуулах, туршилт нэрээр хөдөлмөрийг нь мөлжих, илүү цагаар ажиллуулчхаад нэмэлт хөлс олгохгүй явдал манай улсад хавтгайрсан. Мөн шөнийн цагаар ээлжид ажилласан эмч, сувилагч, харуул хамгаалалтын ажилтнууд нэмэлт урамшуулал авч чадахгүй тохиолдол гарсаар. Өнгөрсөн онд гэхэд СЭМҮТ-ийн 300 гаруй ажилтан шөнийн ээлжид ажилласан илүү цагийн хөлсөө бүрэн авч чадахгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн талаараа мэдээлж байв. Түүнчлэн оюутан, залуус хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй байгаагаас ажлаас халшрах, гадаад улс руу дайжих явдал түгээмэл. Мөн гадаадад эрдэм боловсрол эзэмшээд эх орондоо ирсэн залуус авлига хээл хахуульд идэгдсэн, танил тал харсан, амин хувиа хичээсэн нийгэмд дасан зохицож чадахгүй харьд ажиллаж амьдрахыг илүүд үзэх боллоо. Сурахаар яваад тэндээ “шингэсэн” нь олон. Нөхөр нь их сургуульд багшилдаг, эхнэр нь гаднын томоохон төсөлд ажиллаж байсан хосууд Австралид сурахаар яваад тэндээ төвхнөснийг мэдэх юм. Хэдийгээр хар бор ажил хийж амьдралаа залгуулж буй ч орчин нөхцөл нь тухтай, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ нь хүртээмжтэй, чанартай, эрүүл, аюулгүй хоол хүнстэй учраас ирэх гэж яарахгүй байгаагаа учирласан. Товчхондоо, Монголд сэхээтэн дүр эсгэн зүдэж амьдарснаас хүнд хүчир ч өндөр цалинтай ажил эрхэлж, сэтгэл тайван амьдрахыг илүүд үзжээ. Австрали улс ажилтнуудынхаа эрхийг хамгаалдаг гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг орны нэг. Ажлын зар нь маш тодорхой бөгөөд бодитой байдаг. Жишээлбэл, ажил олгогч ажилтнаа бүтэн, хагас цагаар, эсвэл долоо хоногийн хэдэн цагаар ажиллуулах хүсэлтэй буйгаа илэрхийлдэг байна. Мөн ажил гарсан үед л дууддаг түр ажилтан ч эрэлттэй гэнэ. Тиймээс ажил горилогчид өөрийн боломжтой цагтаа тохирсон ажлаа сонгож чаддаг. Тухайн улсын иргэн үү, байнгын, эсвэл түр оршин суугч уу, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг болон эрэгтэй, эмэгтэйгээс шалтгаалан цалингийн үнэлэмж нь харилцан адилгүй. Долоо хоногийн дундаж цалин нь монгол төгрөгөөр 3-4 сая орчим. Гэтэл манай улсад энэ хэмжээний мөнгийг бүтэн нэг сар буюу 30 хоног зүтгээд ч авч хүчрэхгүй. Ийм байхад гадаадад ахиу цалин харж амьдарч буй иргэдийг буруутгах аргагүй юм.
Үүний зэрэгцээ Монголд зар мэдээгээр ажилд орно гэдэг зангууны үлгэр. Саятан, тэрбумтан болгоно гэх нь холгүй. Ихэнх нь луйврын шинжтэй. Ажлын цаг, хөлсийг нь тодорхой бичиж, түүнийхээ дагуу шударгаар үнэлдэг нь цөөн. Жишээ нь, оюутан Э хичээлийнхээ чөлөөгөөр “Хурд” группийн нэгэн дэлгүүрт ажилд оржээ. Хөдөөнөөс ирсэн гэнэн цайлган түүнийг дэлгүүрийн зохион байгуулагч их л найрсаг хүлээн авч ажилд авсан ч амласан цалингаа өгсөнгүй. Э тус газарт нэг сар ажилласан ч 100 гаруйхан мянган төгрөгийн цалин авчээ. Анх ажилд ороход нь нэг цагийн хөлс 6000 төгрөгөөр тохирсон юмсанж. Э хичээнгүйлэн зүтгэж, 100 гаруй цаг ажиллажээ. Угтаа бол түүнд ажилласан цагаар тооцож, тохирсон хөлсийг нь олгох байв. Амташсан хэрээ арав дахидаг гэдэг шиг тус газрынхан оюутан залуусыг үнэгүй хөдөлмөрлүүлж сурсан бололтой. Цалингаа авах гэж хоёр ч удаа очсон охиныг тас загнаад явуулж. Эцэстээ ажил хийж мөнгө олох гэсэн түүний буруу болох нь. Тэрбээр цалингаа сураглаж очихоос ч эмээх болжээ. Монгол Улс Хөдөлмөрийн тухай хуультай ч хэрэгжүүлдэггүйн нэг жишээ энэ. Мөн тэтгэвэртээ гарсан А нэгэн зочид буудалд үйлчлэгчээр ажиллажээ. Тэтгэврийн хэд нь хаанаа ч хүрэлцдэггүй тул нэмэлт орлого олохыг хүссэн байна. Гэвч тухайн газар нь илүү цагаар ажиллуулж, амралтын өдрөөр ч дуудан, хоол, цай идэх завдал өгөлгүй зарцалсан гэнэ. Энэ мэтээр ажлын хүнд нөхцөл, цалин хангамж тааруу байгаа нь иргэдийн ажиллах хүсэл сонирхлыг нь мохоох болов. Дэлхийн банкнаас 2022 онд гаргасан “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ”-нд сүүлийн 20 жилийн хугацаанд эдийн засаг өсөж, ажиллах хүчний эрэлт дорвитой нэмэгдсэн ч ажлын байрны дийлэнх нь харьцангуй бага цалинтай салбаруудад бий болсныг дурдсаныг анхаарах цаг иржээ. Өндөр дээд албан тушаалтнууд эдийн засгийг сэргээх тухай гоё сайхан ярих зуур татварын дарамтад ажиллах хүчин сөхөрч, иргэд нуруугаа авхуулсан морь мэт туйлдаж гүйцлээ.