Хөнгөвчлөх эмчилгээ нь амь насанд аюултай, хүнд өвчнөөр өвдсөн, ялангуяа хавдрын эцсийн шатны оноштой өвчтөний амьдралын сүүлчийн хором хүртэлх стресс, өвдөлт, зовуурийг намжаах зорилготой. Манай улсад ийм тусламж, үйлчилгээг өмнө нь хувийн эмнэлэг, сувиллуудад ихэвчлэн хийдэг байсан бол 2015 оноос дүүргүүдийн Эрүүл мэндийн зарим төв өвчтөнүүдийг хүлээн авах болов. Үүний хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний нөхцөл байдлын үнэлгээг өнгөрсөн жилийн зургаадугаар сард дүүргийн эмнэлгүүдэд хийсэн тайлангаа оны өмнөхөн танилцуулав. Уг хяналт, үнэлгээнд Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уулын Нэгдсэн эмнэлгийг хамруулжээ.
Хүний нөөц, бүтэц, зохион байгуулалтын тухайд Багануур, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрханы Нэгдсэн эмнэлэг хөнгөвчлөхийн зориулалтай тасагтай, Налайх, Баянзүрхийн Нэгдсэн эмнэлгийнхэн дотрын эмчилгээний хэсэгт ийм тусламж үзүүлдэг, Хан-Уул, Сүхбаатарын Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэйн Эрүүл мэндийн төвийнхөн мэдрэлийн тасагтаа уг үйлчилгээг давхар хийж байгаа аж. Мөн Налайх, Чингэлтэйд хөнгөвчлөх сувилахуйн мэргэшсэн хүний нөөцгүй байгаа нь хяналтын үзлэгээр ил болжээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар дээрх эмнэлгүүд хөнгөвчлөхийн 130 ортойгоор тусламж, үйлчилгээ үзүүлж буйг албаныхан хэлсэн. Мөн эмнэлгүүд зохих журмын дагуу ЭКГ, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, даралтын аппарат, пульсоксиметр, цээж, хэвлий, төвийн вений хатгалтын хэрэгсэл, асцит соруулах болон яаралтай тусламжийн иж бүрдэл, ор, тэргэнцэр зэрэг 31 нэр, төрлийн багаж, төхөөрөмжтэй. Түүнийгээ ашиглан үйлчлүүлэгчдэд асаргаа, сувилгаа хийх, нуралт, холголт, цооролтоос сэргийлэх, усанд оруулах, цагаан хэрэглэл солих, ивүүр, цээж өндөрлөх зэрэг тусламж үзүүлж иржээ. Гэсэн ч зарим эмнэлгийг хүний нөөцөөр хангах, өрх, тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг энэ чиглэлээр мэргэшүүлж, гэрээр үйлчилгээ үзүүлдэг болгох, хөнгөвчлөхийн асаргаа, сувилгааны иж бүрдлийг нэмэгдүүлэх нэн шаардлагатайг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан дээрх тайландаа дурджээ.
О.Оргилох