Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 27.3-д “Комиссын гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг нь арилгуулахаар зөвлөж хүргүүлнэ гэж заасан. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд эрх бүхий албан тушаалтан, байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлж буй юм. Тухайлбал, Ерөнхий сайдад комиссын гишүүн Х.Мөнзул зөвлөмж хүргүүлсэн байна. Засгийн газраас өндөр насны тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр болон даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоохдоо өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн хугацаанаас хамаарч ялгаатай байхаар тогтоосон нь олон улсын конвенц, зөвлөмж, Монгол Улсын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн зарчимд нийцээгүй. Тиймээс Итгэлцүүр тогтоох тухай 2024 оны X тогтооолын хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, зохих арга хэмжээ авах, төсвийг хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөн, хүний эрхийн зарчим, хэм хэмжээг баримталж ажиллах зөвлөмж хүргүүлжээ. Мөн тус комиссын гишүүн С.Дондов Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилсан сэргийлэх, арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Зөвлөмжид Хөтөл хороололд байрлах “Бараат” хогийн цэгийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх, хөрс, гүний усыг бохирдохоос сэргийлэх, аюултай хог хаягдлыг хадгалах, устгах ажлыг хянах, “Оюуны ирээдүй” сургуулийн дотуур байрны дээврийн засварыг хийхэд анхаарч, санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил зохион байгуулах зэргийг тусгажээ.
Ч.Болор