Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Харвардын Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын манлайлал” хөтөлбөрт монгол эмч, мэргэжилтнүүдийг хамруулж буй билээ. Уг хөтөлбөрийн тусламжтайгаар манай улсын эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчийг бэлтгэх зорилготой гэнэ. Үүний хүрээнд 2023-2024 онд эхний 20 эмч, мэргэжилтнийг хөтөлбөрт хамруулжээ. Тэгвэл дараагийн буюу 2024-2025 оны хөтөлбөрт хамрагдах 20 мэргэжилтнийг шалгаруулахаар бүртгэлийг нь өчигдрөөс эхлүүлсэн бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлүүлэх нь. Энэ жилийн хөтөлбөр нь ирэх арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн жилийн хугацаанд үргэлжлэх аж. Улсын эрүүл мэндийн байгууллагад нэг болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай эмч, мэргэжилтнүүд үүнд хамрагдах боломжтой. Мөн англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх шаардлага тавьжээ. Хөтөлбөрт оролцогчдыг хоёр үе шаттайгаар шалгаруулах гэнэ. Тодруулбал, эхний ээлжид ирүүлсэн бичиг баримтуудыг шалгана. Хоёр дахь шатанд оролцогчдоос ярилцлага авсны дараа хөтөлбөрт хамрагдах 20 хүнийг сонгох аж.
М.ОЧ