Увс аймгийн нутагт Хяргас нуурын мөс цөмөрч, суудлын автомашин суусан осол өчигдөр гарсан байна. Тодруулбал, нуурын мөс цөмөрч, машин осолдсон тухай дуудлага өчигдөр 00.00 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км замыг туулан 03.40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөсөнд суусан байжээ. Иймд татан гаргах ажиллагааг 08.00 цагаас эхлүүлснийг дээрх байгууллагынхан мэдээлэв.
Осол болсон газар аймгийн төвөөс баруун урд зүгт 120, сумын төвөөс хойд зүгт 50 км-ийн зайтай аж. Нэгдүгээр сард ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгддэг ч толио болон нийт талбайд нь мөсний зузаан харилцан адилгүй байдаг гэнэ. Мөсний даац хүн, мал, машин явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явж, авто тээвэр хийхгүй байхыг тус байгууллагынхан анхаарууллаа.
У.Цэцэг