Шийдлээ хүлээж буй, бугшсан асуудал Монголд өчнөөн бий. Утаа, түгжрэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, тэгш бус байдал, авлига, дарга нарын давуу эрх гээд нэгбүрчлэн дурдвал тоочиж барамгүй. Эдгээрийг шийдэх гарц, арга замыг эрэлхийлэх чиглэлд улс төрчид манлайлж, идэвх чармайлттай ажиллах шаардлага тулгараад удлаа. Даанч манай улсын хууль тогтоогчид, бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс, улс, нийслэлийн удирдлагуудад манлайлах чадвар ер алга. Өөрчлөлт, шинэчлэл хийх, өөрийн гэсэн “өв” үлдээх амбиц, зорилго тэмүүлэл ч тэднээс огт “ханхалдаггүй” нь харамсалтай.
Улс төрийн манлайлал буюу political leadership гэдгийг улс төрийн хүрээнд бол үүрэг хариуцлага, ур чадвар, ёс зүйн асуудлыг хамарсан ойлголт гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн эрхэлж буй ажил, албан тушаалын онцлог, түүнийг дагалдаж “ирсэн” өндөр үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг ухамсарлан ойлгож, нэр төртэйгөөр сахин биелүүлж, нийгэм, улс, эх орон, олон нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө зарчимч, шударга ажиллан, тодорхой түвшинд үлгэрлэл үзүүлэх нь улс төрийн манлайлал юм. Энэ нь алсын хараатай шийдвэр гаргалт, байр сууриа хамгаалах чадвар, нөлөөлөл, харилцаа, хандлага, эсэргүүцэх, эрх мэдэл, албан тушаалтай “тулалдах” эр зориг зэргээр хамгийн түгээмэл илэрдэг аж. Ингээд тоочихоор Монголын улс төрчид хэр зэрэг манлайлал үзүүлдэг нь уншигчдын ой тойнд тов тодорхой буух биз ээ.
Сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд бий болсон 126 гишүүнтэй шинэ парламент хамтарсан гэх тодотголтой Засгийн газраа байгуулаад хагас жилийн нүүр үзлээ. Уг нь олон намын төлөөлөл бүхий парламент, Засгийн газартай болсноор эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, олон ургалч үзлийг төлөвшүүлэх, засаглалыг сайжруулах ач холбогдолтой, үүнийг дагаад улс төрчдийн хариуцлага нэмэгдэнэ, ёс зүй сайжирна хэмээн хууль тогтоогчид сурталчилж байв. Энэ нь цаад агуулгаараа улс төрийн орчныг илүү эрүүл болгох, парламентыг чадавхжуулж, “чанаржуулах” асуудал юм. Парламентын засаглалыг чадавхжуулж, “чанаржуулна” гэдэг нь мэдлэг боловсролтой, чадвар чансаатай, зарчимтай, ёс зүйтэй, манлайлах хэмжээнд ажиллах хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэсэн үг. Харамсалтай нь, шинэ парламент, Засгийн газрын гишүүд нийгэмд үлгэрлэл, манлайлал үзүүлэх нь байтугай үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үндсэн ажлаа ч олигтой хийлгүй, дүлий дүмбэ царайлсаар 2024 оныг үдэв.
УИХ-ын 126 гишүүний 80 нь парламентад анх удаа сонгогдсон хүмүүс бол 41.3 хувь нь 27-45 насныхан. Олонх нь шинэ үеийн төлөөлөл гэсэн үг. Залуус аль ч үед нийгмийн хандлагыг өөрчлөх, ухамсрыг сэрээх гол хөшүүрэг болсоор ирсэн байдаг. Тиймээс тэдний дуу хоолой, оролцоог өөрчлөлтийн бэлгэ тэмдэг гэж үздэг юм. Энэ үүднээсээ “нүсэр” бүрэлдэхүүнтэй, шинэ парламентаас иргэд, олон нийт өөрчлөлт, манлайлал хүсэж, хүлээж байсан нь нууц биш. Даанч тэд олуулаа болсноос өөр онцын өөрчлөлт, ахиц дэвшил авчирсангүй. Ж.Баярмаа, С.Цэнгүүн, А.Ундраа, Д.Энхтүвшин тэргүүтэй гарын хуруунд багтах цөөн гишүүн л агаарын бохирдол, эрчим хүчний хангамж, шаардлагагүй бүтээн байгуулалт, төсвийн үрэлгэн төлөвлөлтөд анхаарал хандуулж, нийтийн эрх ашгийн төлөө дориун дуугарлаа. Зарим нь үүнийхээ “шанг” ч хүртэж, хуурамч мэдээлэл, гүтгэлгийн бай болсон. Зарим нь улс төрийн “хавханд” орохгүйн тулд эрхэлсэн албан тушаал, ногдсон үүрэгт ажлаасаа зай авч эхлэв.
Улс төрийг зөвхөн эрх мэдэлд хүрэх гүүр, боломж гэж хардаг хүмүүс манлайлагчдад үргэлж дайсагнаж, тэднийг санаатайгаар харлуулж, муу муухайгийн баг зүүх гэж оролддогийг шинэ парламентын “он тоолол” эхэлснээс хойших богино хугацаанд өрнөсөн үйл явдлууд ч харууллаа.
Улс төрийн манлайллын онол боловсруулдаг, энэ чиглэлийн академик судалгаа, үнэлгээ хийдэг олон улсын цөөнгүй байгууллага байдаг. Тэдгээрээс гарсан судалгаа, нийтлэлүүдэд дурдаж буйгаар орчин үед улс төрийн манлайллын хэд хэдэн сонгодог хэлбэр бий гэнэ. Хамгийн эхнийх нь, асуудлыг зоригтойгоор хөндөж, нийгмийн анхаарлын төвд оруулах эр зоригийн манлайлал. Олон хүн хэлэхээс эмээж буй, эсвэл нийгмийн хөгжилд хор нөлөөтэй асуудал, аливаа шийдвэрийг илчилж, үүний эсрэг чанга дуугарах нь улс төрчдөд байх хамгийн чухал чанар аж. Удаах нь олонхыг сөрөх итгэл үнэмшлийн манлайлал. Хүчтэй нөлөө бүхий, эсвэл олонд таалагдсан шийдвэр, үйл ажиллагааны үр дүн нь нийгэмд хортой бол түүнийг зоригтойгоор сөрж, засаж залруулах “зам гаргах” нь зүй ёсных гэж үздэг. Хариуцлага нэхэх, шаардлага тавих, ёс суртахууны өндөр түвшний үлгэрлэл үзүүлэхийг ч үүнд багтаадаг юм билээ. Өөр нэг нь эрх мэдэл, албан тушаалтай “тулалдах” манлайлал. Олонхын эрх ашгийг хамгаалахын тулд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах, өөртөө эрсдэл үүсэхийг хүлээн зөвшөөрнө гэдэг улс төрчдөд зайлшгүй байх ёстой чадвар гэнэ. Үүнийг “өөр дээрээ гал дуудах” ч гэж хэлдэг.
Монголын улс төрчдөд эр зориг, итгэл үнэмшил, эрсдэл үүрэх чадвар нийтлэгээрээ дутагдалтай. Тухайн үеийнхээ албан тушаал, эрх мэдэл, байр сууриа аль болох удаан хадгалж, дахин парламентад сонгогдох гэсэн хүсэл нь тэдний нүд, чих, амыг тагладаг. Жижиг эрх ашиг буюу намын даргадаа тал алдахгүй байж дараагийн сонгуульд нэр дэвших замаа засдаг. Өөрөөр хэлбэл, тэдэнд олон нийтийн эрх ашиг падгүй гэсэн үг. Нийгмийн тулгамдсан асуудал, алдаа дутагдалтай бодлого, шийдвэрүүдийн талаар зарим нь дуугардаг ч ихэнхдээ нийтэд таалагдах гэсэн дүр эсгэлт байх нь олонтоо. Эсвэл өөр лүү нь чиглэсэн элдэв дайралт, эрх ашгийн зөрчлөөс болгоомжилж замынхаа талаас буцан, таг чиг болчихдог. Хариуцлага нэхэх, шаардлага, хяналт тавих, аливаа зүйлийн эцсийг үзтэлээ тууштай явах гэсэн ойлголт ер байдаггүй. Шинэ парламентын гишүүдээс Ж.Баярмаа 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үед эрх баригчдыг сөрж, “анги” дотроо манлайллаа. Иргэд, олон нийт байтугай парламентын гишүүдэд ч ойлгомжтой хэлбэрээр, бүрэн эхээрээ олддоггүй гэх төсвийн төсөл дэх олон “но”, будилааныг тэрбээр илчлэн, Засгийн газрын тэргүүн, Сангийн сайдыг хүчтэй шүүмжилсэн юм. Зөвхөн чуулганы хуралдааны үеэр үүний талаар яриад зогсохгүй нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч байр сууриа илэрхийлж, төсөвтэй холбоотой тоо баримтуудыг дэлгэсэн. Түүнчлэн УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгдэж буй С.Цэнгүүн эрчим хүчний салбарын бугшмал асуудлуудыг ил тод ярьж, төрийн ажлыг тодорхой санаа зорилготойгоор улстөржүүлж гацаадаг, хөгжлийн тушаа болсон хүмүүсийг шүүмжилсээр байгаа. Энэ бол улс төрд байх ёстой, улс төрчдийн дуугарч, хөндөж л явах учиртай асуудал юм. Гэтэл ингэж дуугардаг нь төрд дэндүү цөөн, олонх нь албан тушаалын дөнгөнд амаа үдүүлчхээд буй.
Манлайлал гэдгийг хүмүүс нүсэр том агуулгаар, өргөн хүрээг хамарсан хөдөлгөөн, үйл явдлаар төсөөлдөг талаар судлаачид дурджээ. Тодруулбал, улс төрийн манлайлагчдыг иргэдээр нэрлүүлэхэд, арьс өнгөөр ялгаварлах бодлогыг халсан Нелсон Мандела, дэлхий дахинаа танигдсан Уинстон Черчилль, төмөр хатагтай Маргарет Тэтчер, Энэтхэгийг Британийн колоничлолоос чөлөөлсөн Махатма Ганди зэрэг алдартнуудыг дурддаг аж. Гэтэл үнэн хэрэгтээ улс төрийн манлайлал гэдэг нь хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхээс эхэлдэг байх нь. Нийтийн эрх ашгийг хамгаалсан нэг удаагийн ухаалаг шийдвэр, үйлдэл ч манлайллын жишиг болдог гэнэ. Учир нь манлайлагчдын гаргасан жижиг жимүүд нийлэн нийлсээр улс төрийн орчныг эрүүлжүүлэх харгуй замыг бий болгодог ажээ. Харин манай улс төрчид амин хувийн буюу жижиг эрх ашгаа бүхнээс дээгүүрт тавьж, улс төрд манлайлахаас хойш суудаг жишиг тогтоожээ.
Н.Мишээл