Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” төслийг хэрэгжүүлэхээр болж, хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан явах замд буюу Баянголын аманд шавыг нь тавилаа. Зураг төслөөс нь харвал маш том газарт олон машины зогсоол бүхий том цогцолбор “болсон” нь илт. Уг бүтээн байгуулалт өрнөх Баянголын ам буюу “Найрамдал” зуслангийн ойр орчмын газруудад олон айл эзэн сууж, төрийн мэдэлд газар үлдээгүй гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл энэ том цогцолборыг барих газрыг хаанаас, яаж гаргаад ирэв ээ гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Бидний авсан мэдээллээр АТГ-ын ажлын үр дүнд энэ газар төрийн мэдэлд эргэн ирж, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв бариулахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас эзэмшүүлжээ. Энэ талаар уншигчдадаа дэлгэрүүлэн хүргэе.
Ц.Анандбазар, Т.Бадамжунай нарыг шүүхэд удахгүй шилжүүлнэ
Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давсан Т.Бадамжунайг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд эх оронд нь сүр дуулиантай авчирсан билээ. МАН-ын нөлөө бүхий хүн гэгдэж асан, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай Филиппинд бүгж буйг хууль сахиулах байгууллагынхан тогтоож, тус улсын цагдаа, прокурорынхон манай талын хүсэлтийн дагуу Сэбү хотоосоо баривчилсан юм. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр өмнөд хилийн Замын-Үүд боомтоор “УАЗ-469” машинд суун БНХАУ руу гарч, улмаар цаашаагаа дамжин дээрх улсад очсон байдаг.
Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны намар шалгаж дуусан, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунай, түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, “87 байртай” гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг дээрх шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хаалттай явуулаад нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргасан юм. Шүүхээс уг хэргийг буцаах болсон үндэслэлдээ шинжээчдийн мэдүүлгийг авах шаардлагатай гэсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн асан, “Содмонгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын үйлдлийг тусгаарласан нь буруу гэж дүгнэсэн. НПГ-ын хяналтын прокурор болон Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл бичсэнийг 2024 оны дөрөвдүгээр сард буюу эл хэргийн гол яллагдагчийг гадаадаас шилжүүлэн авснаас хойш яг нэг жилийн дараа хяналтын шатны шүүх хянаад шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээсэн юм. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын Т.Бадамжунайд хахууль өгсөн үйлдлийг нэгтгэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон билээ. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн Т.Бадамжунайг буруутгаж буй.
“Содмонгол”-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй бөгөөд яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охиных нь нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг бөгөөд түүнийг ямар замаар хэрхэн авсан талаараа Т.Бадамжунай тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн тэдгээр барилгыг битүүмжлэн улсад хураах санал хууль сахиулагчид гаргасан гэдэг. Түүнчлэн Т.Бадамжунайд Ц.Анандбазар 50 000 ам.долларын хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулсан байна. Т.Бадамжунайг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-ын төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн хахууль өгсөн, мөн хуулийн 22.1-1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 18.6-2.1-ийн мөнгө угаасан, Э.Жаргалсайханыг нь мөн мөнгө угаасан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллагдагчаар татсан билээ. Уг нь Т.Бадамжунай болон түүний хүргэн Э.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг НПГ-т өнгөрсөн сарын дундуур яллах дүгнэлт үйлдүүлэхээр хүргүүлсэн боловч прокурор буцаах шийдвэр гаргасан гэнэ. Учир нь “Содмонгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын хахууль өгсөн үйлдлийг заавал нэгтгэн, шүүхэд шилжүүлэх ёстой гэж үзжээ. Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт Ц.Анандбазарын үйлдлийг хамтатган холбогдох ажиллагааг хийгээд тун удахгүй шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлнэ гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.
11 тэрбумаар үнэлэгдэх газар хэний шийдвэрээр ямар хүмүүсийн мэдэлд очив
Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг шүүхүүд нааш, цааш “шидэлцэж” байх хооронд АТГ-ын мөрдөгчид зүгээр суусангүй. Зарим мэдээллийн хэрэгслээр “уг хэрэг чимээгүй боллоо, хариуцлагаас мултлах гэж байна” гэж ч бичих болсон. Тэгвэл мөрдөгчид хохирол, төлбөрийг нь барагдуулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн юм билээ. АТГ-ын 2024 оны ажлын тайланд авлигын гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 240.9 тэрбумыг нь нөхөн төлүүлсэн хэмээн дурдаж. Нөхөн төлүүлсэн хохирол, төлбөр дунд “Нүүрсний” хэргийнх ч бий, өөр бусдынх ч байна. Тэдгээрийн дунд өдгөө Ерөнхийлөгчийн ивээл дор Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихаар шавыг нь тавьсан 11 тэрбумаар үнэлэгдэх 72 га газар багтаж буй юм.
Анх энэ газрыг Сонгинохайрхан дүүргээс 2004-2008 оны УИХ-д гишүүнээр сонгогдсон Т.Бадамжунайгийн нөлөө, оролцоотойгоор уу, Засаг дарга агсан Л.Найдангийн захирамжаар 2005 онд “Ёл хангай” гэх компанид 100 га талбай эзэмшүүлэхээр болжээ. Орон сууцын хороолол барих зориулалтаар уг газрыг эзэмшүүлсэн бөгөөд ингэхдээ Т.Бадамжунайгийн нэрийг оролцуулсан, “40 000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд газар эзэмших гэрчилгээ гаргуулах хүсэлт бүхий албан бичгийг энэ компанийн захирал агсан Л.Зундуй Сонгинохайрхан дүүргийн удирдлага, Газрын албанд хүргүүлж байж. Үүнийх нь дагуу Баянголын амны зүүн энгэрт 100 га газар эзэмшүүлэхээр болсон ч захирамждаа засвар оруулан 72 га болгож өөрчлөн, 15 жилийн хугацаатай “Ёл хангай” ХХК-д орон сууцын хороолол барих зориулалтаар олгосон гэх мэдээллийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны болон Сонгинохайрхан дүүрэгт ажилладаг хэд хэдэн эх сурвалж өгсөн юм. Мөн тэд “Ёл хангай” ХХК-ийнхан бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн байхад тухайн үед ийм их хэмжээний газар олгох захирамж гаргасан нь улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоо байсных биз хэмээв.
Тэгвэл энэ газрын суурь үнэлгээг Газар зохион байгуулалт, зураг зүйн газрынхнаас лавлахад “Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь энэ газрын суурь үнэлгээг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу өнөөгийн ханшаар тооцож бодоход 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх боломжтой” гэсэн юм.
“Ёл хангай”-н өв залгамжлагч болон Т.Бадамжунайн хүргэний хамтарсан компаниас хураан авчээ
Анх 100 га-г олгох захирамж гарсан ч бодит байдалд 72 га газар авсан “Ёл хангай”-нхан түүнээс багагүй хэсгийг нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид худалдсан гэнэ. Хамгийн сүүлд газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл “Ёл хангай”-н өв залгамжлагч З.Адъяасүрэн, Т.Бадамжунайгийн хүргэн, өдгөө хэрэгт шалгуулж буй Э.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүсийн хамтарсан хөрөнгө оруулалттай, барилгын засал чимэглэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ёда-Инвестмент” ХХК-ийн эзэмшилд байжээ. Уг “Ёда-Инвестмент” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2022 оны А/396 дугаар захирамжаар 505 000 шахам ам метр буюу 50.5 га газар эзэмшүүлэх эрх шинэчлэн олгосон гэнэ. Үүнийг нь 2023 оны наймдугаар сарын 31-нд нийслэлийн Засаг дарга А/1016 дугаар захирамжаараа хүчингүй болгосон байгаа юм. Гэвч “Ёда-Инвестмент” ХХК-ийнхан хууль бус гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Шүүх тус компанийнхны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор тухайн 50.5 га газар төрийн мэдэлд шилжих нөхцөл бүрдсэн байна.
Ийнхүү авлигын гэмт хэргийг шалгаж, алдагдсан газрыг төрд буцаан авснаар Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн 600 хүний ортой барилгын бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болов. Тогтоосон хугацаандаа, чанарын өндөр түвшинд монголчуудын эрүүл мэндийн төлөө зогсолтгүй ажиллах эмнэлэг ашиглалтад орохыг хүлээх л үлдлээ.