Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажлуудыг орон нутагт хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээнд алслагдсан аймаг, сумын зарим эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-үүдийг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр ханган, хүний нөөцийг нь сургах болжээ. Эхний ээлжид баруун бүсийн буюу Ховд аймгийн БОЭТ-д энэ оны эхний улиралд багтаан MRI аппарат суурилуулах гэнэ. Ингэснээр иргэд орон нутагтаа нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоо хийлгэх нөхцөл бүрдэж буй юм. Мөн тус төвийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор гадаад, дотоодод сургахаар болсон байна.
93 мянган хүн амтай Ховд аймагт эрт илрүүлгийн хамрагдалт 80.8 хувьтай. Аймгийн хүн амын дунд ундны усны чанараас хамаарсан шүдний өвчлөл өндөр, мөн хавдрын өвчлөл тэргүүлэх шалтгаан болж буй аж. Түүнчлэн алслагдсан сумуудад нь хүний нөөц дутмаг байгаа зэрэг шалтгаанаар БОЭТ-ийн төнөг төхөөрөмжийг шинэчилж, чанар, хүртээмжийг ийнхүү сайжруулахаар болжээ.
Ташрамд дурдахад, БОЭТ-д суурилуулах сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай MRI аппаратын нийт өртгийн хоёр тэрбум төгрөгийг салбарын сайдын багцаас, үлдсэн хоёр тэрбумыг нь орон нутгийн төсвөөс гаргах гэнэ. Өнгөрсөн хугацаанд аймгийн есөн сумыг бүрэн тоноглосон, түргэн тусламжийн машинаар хангасан бөгөөд үлдсэнийг нь энэ онд багтаан шийдвэрлэх аж.
О.Ундрах