Боловсролын яамнаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуулага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна. Төслийг 2021 оны аравдугаар сараас орон нутгийн дөрөв, Улаанбаатар хотын хоёр сургуульд хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээнд сургуулийн хоол зүйч, тогооч нарт зориулан “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” ном бүтээснээ өчигдөр танилцуулав. Энэ нь үдийн хоолны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг шим тэжээллэг, тэнцвэртэй хооллох мэдлэг, чадвар олгох зорилготой аж. Ерөнхий боловсролын бүх сургуулийн тогооч нарт уг номыг гарын авлага болгон түгээх юм байна.
Зөв хооллолтын “Гэр зөвлөмж”-ийг ЭМЯ, ДЭМБ хамтран гаргасан байдаг. Энэ нь монгол хүн хэрхэн хооллох нь зүйтэйг тусгасан зөвлөмж юм. Уг зөвлөмжийн дагуу хооллолтын “Өнгөний систем”-ийг бас боловсруулсан. Эдгээрийг дээрх номд багтааснаараа онцлог болжээ. Тодруулбал, үдийн хоолонд хүнсний бүлгийн тэмдэг болох улаан, шар, ногоон өнгө орсон байвал оновчтой гэж үзнэ. Улаан өнгө нь мах, шар нь үр тариа, ногоон нь хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнийг илэрхийлдэг. Эдгээр өнгөнд тулгуурлан боловсруулсан үдийн хоолны жишиг цэс бүхий технологи ажиллагаа, зөвлөмжийг уг номд оруулжээ.
Боловсролын яамны Хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Энэ төслийн хүрээнд хоолны үйлдвэр, үйлчилгээнд зарцуулж буй бүх зардлыг бүрэн өртгөөр тооцож, санхүүжүүлэх талаар Сангийн яамтай зөвлөлдөж байгаа. Мөн хүнсний хангамжийн системийг сайжруулж, нэгдсэн байдлаар шийдэж худалдан авах төвүүдийг байгуулах, хоол үйлдвэрлэх орчин, нөхцөл бүрэлдүүлэх, хүний нөөцийг чадваржуулах сургалтыг тогтмол явуулна” гэв.
Энэ үеэр сургуулийн үдийн хоолонд нэмэлтээр “Сүү” хөтөлбөрийг оруулж хэрэгжүүлэх талаар ярилаа. Япон, АНУ зэрэг оронд сурагчдын үдийн хоолны үеэр заавал сүү өгдөг. Ингэснээр хүүхдийн өсөлт, ой тогтоолт, эрүүл мэнд, сурлагын чанарт ч чухал нөлөө үзүүлдэг ажээ. “Сүү” хөтөлбөрийг одоогоор сонгогдсон сургуулиудад хэрэгжүүлж байгаа. Дундговь аймгийн Луус сумын ерөнхий боловсролын сургуулийн тогооч Н.Ганчимэг “Манай сургууль бага ангийн 83 сурагчдаа үдийн хоолны үеэр нь долоо хоногт гурван удаа сүү өгдөг. Ингэснээр үдийн цайны 1500 төгрөгийн өртгөөс давдаг учир аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас нэмэлт төсөв гаргадаг. Харин үлдсэн хоёр өдөрт нь тараг өгдөг. Нэг хүүхдэд өдөрт 120 гр сүү оногддог” гэв.
Мөн “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номд нийслэл, орон нутгийн тогооч нарын зохиосон хоолны жорыг багтаажээ. Тухайлбал, Дундговь аймгийн Луус сумын тогооч нарын шинэлэг жороор бүтээсэн шаржигнуур гүзээ хоолны нэр, төрлийг нэгээр нэмжээ. “Хүүхдүүд сүүлийн үед гений өөрчлөлттэй тахиагаар хооллох болсон. Тиймээс бид экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хонины гүзээг цэвэрлэж чанаад, шарах технологиор боловсруулсан” гэж тус сумын тогооч нар онцолсон юм. Хөтөлбөрийг ирэх оны есдүгээр сар хүртэл үргэлжлүүлэх аж. Төслийн багт манай улсаас долоо, Японоос таван мэргэжилтэн ажиллаж байна.