Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд 2024 оны наймдугаар сарын 16-нд нэр бүхий мэдээллийн сайтууд дээр “Монгол Улс дахь ОХУ-ын цэрэг, агаарын цэргийн атташе Павел Владимирович Петрунин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан, олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, дээрээс нь хэргийн газраас зугтахыг оролдсон” гэсэн ташаа мэдээллүүд гарсан байна. ОХУ-ын талаар янз бүрийн худал, санаанаасаа зохиосон, сөрөг мэдээлэл нийтэлж, үүгээрээ мөнхийн хөрштэй муудалцуулах арга заль хэрэглэж байгаа нь гайхаш төрүүлж байна.
ОХУ-ын Элчин Сайдын Яамны зүгээс осол гарсан гэдгийг үгүйсгээгүй. Гэвч сайтар нягталбал уг мэдээнд хавсаргасан видео дээрх хүний царай харагдахгүй, ар талаас холын зайнд авсан, П.В. Петрунин мөн гэсэн баталгаагүй, осолд орсон машины дугаар ч огт харагдахгүй байна. Тиймээс энэ нь ОХУ-ын цэргийн атташетай огт хамаагүй өөр ослын видео бичлэг байхыг үгүйсгэхгүй. Түүнээс гадна зарим сайтуудын “нотлоод” байгаа П.В.Петрунин согтуу байсан, дээрээс нь ослын газраас зугтаахыг оролдсон гэснийг нотлох баримт үгүй байна. Зам тээврийн осолд оролцогч хоёр этгээдийн дэргэд цагдаагийн алба хаагчид хууль зөрчсөн талаар зохих протоколыг хийх ёстой. Цэргийн атташегийн биеэс илэрсэн согтууруулах ундаа илэрсэн бол түүний агууламжийн тухай протокол байх ёстой.
Үүнээс гадна Зөвлөлт-Монголын арми Халх голд Японы милитаристуудыг ялсны 85 жилийн ойн баярын ёслолыг тэмдэглэх бэлтгэх ажил хариуцан маш завгүй байгаа П.В.Петрунин согтуу байсан гэдэг нь эргэлзээтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан дээрх мэдээллийг Орос, Монголын ард түмний уламжлалт ах дүүгийн харилцаанд сэв хийх зорилготой зориудын гүтгэлэг гэж үзэж байна. Тиймээс иргэд та бүгдийг сонор сэрэмжтэй байж, худал мэдээлэлд итгэхгүй байхыг уриалж байна. ОХУ-ын цэрэг, агаарын цэргийн атташе П.В.Петрунин нь жинхэнэ орос офицерын бүх сайн сайхан шинж чанарыг агуулсан, хүнлэг, ёс журамтай, сайхан сэтгэлтэй, монгол орон, монголчуудад хайртай хүн чанартай сайн үйлс бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн ийм хүн билээ. Халх голын ялалтын 85 жилийн ойн баярыг тэмдэглэх талаар түүний өрнүүлж байгаа их үйлс зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. ОХУ-ын цэргийн болон Агаарын цэргийн атташе П.В.Петрунины нэр төр, алдар хүндийг гутаан санаатайгаар худал мэдээлэл тараасан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газарт тавих нь зохистой.