Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болов. Тус холбооноос баталсан цаглаврын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөөд буй. Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм.
Гэхдээ уг чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд улирлын нээлтийн, улсын аварга, арслан, заан, харцага, начин цолтонд хүндэтгэл үзүүлэх, сар шинийн баярын, мөн Монгол бахархлын өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх, улс тунхагласны баярт зориулсан барилдааныг хамруулах нь. Мөн Үндсэн хуулийн болон нийслэлийн, монгол цэргийн өдөрт зориулсан барилдааныг хамруулах нь. Мөн Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхны хишиг барилдааныг хамруулна. Чансаа тооцох журамд зааснаар даваа бүрд оноо олгох аж. Тухайлбал, найман даваа 1500, долоо 1000, зургаа нь 600, тав 400, дөрөв нь 300, гурван даваа 200, хоёр 100, нэг 50, оролцсон идэвхийн оноо 100 байх юм. Зөвхөн сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусдад 128 бөх зодоглоно.