Зарим шилдэг хөл бөмбөгч багтайгаа шинэ гэрээ байгуулж чадаагүй учраас 2025 оны зун чөлөөт агент болох нь тодорхой болжээ. Тэдний дотор “Байерн”, “Ливерпуль” зэрэг топ багуудын лидерүүд багтаж байна.
Трент Александер-Арнольд
(Ливерпуль, 26 нас, 70 сая евро)
Замналынхаа туршид Английн багт үнэнчээр хүчин зүтгэж буй жигүүрийн хамгаалагч энэ жил 26 нас хүрнэ. Тэрбээр Мерсисайдын багийн төлөө 300 гаруй тоглолтод оролцоод байгаа юм. Гэвч багийнхаа төлөө үнэнчээр зүтгэж буй Трентийн ирээдүй бүрхэг болоод байна. “Skysport”-д бичиж буйгаар тэрбээр энэ жил Испанийн “Реал” багт очиж, эх орон нэгт Ж.Беллингемтэй тоглохыг хүсэж байгаа гэнэ. Гэхдээ тэрбээр ирээдүйнхээ талаар тодорхой хариулт өгөөгүй л байна. “Би “Ливерпуль” багийн нэг хэсэг болоод 20 жил өнгөрчээ. Хэд хэдэн удаа гэрээгээ сунгасан. Тэр бүхэн олны анхааралд өртөж байгаагүй. Энэ удаа ч мөн ялгаагүй тийм зүйл болох байх” хэмээн Трент ярьжээ.
Лерой Сане
(Байерн, 28 нас, 60 сая евро)
Хоёр тал гэрээ сунгах талаар хэлэлцээ хийж буй тухай мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Тоглогчийн тал одоогийн гэрээний нөхцөлийг сайжруулах хүсэлтэй бол “Байерн” эсрэг байр суурьтай байгаа нь тодорхой болсон. Учир нь Л.Сане байнга гэмтэх болсон нь багийн удирдлагын санааг зовоож байгаа ажээ. Тийм учраас түүнийг Англид эргэн ирж магадгүй гэсэн таамгууд гарч эхэлсэн.
Л.Сане 2016-2020 онд “Манчестер сити”-д тоглож байсан ч энэ удаад өөр багт очих бололтой. Тухайлбал, “Ньюкастль”, “Арсенал” баг түүнийг сонирхож буй гэх мэдээллүүд гарч эхэлсэн.
Мохамед Салах
(Ливерпуль, 32 нас, 55 сая евро)
“Арванхоёрдугаар сар гарах гэж буй ч багаас надад ямар нэгэн санал тавиагүй л байна. Ирэх зун би багтаа үлдэх бус, харин явах бололтой. Мэдээж үүнд цочирдож байгаа ч зодог тайлах тухай огт бодохгүй байна” хэмээн өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлчээр М.Салах ярьж байв. Үүнээс хоёр долоо хоногийн дараа “Ливерпуль” гол тоглогчдоо гэрээ санал болгосон талаар сэтгүүлч Д.Орнштейн мэдээлсэн.
Харин Ф.Романогийн өгүүлж буйгаар талууд санхүүгийн нөхцөлүүдээ шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Учир нь энэ удаад египет тоглогч замналынхаа сүүлчийн супер гэрээг байгуулах магадлалтай юм. Ямартай ч багтайгаа шинэ гэрээ байгуулаагүй нь М.Салахын тоглолтод нөлөөлсөнгүй. Тэрбээр сүүлийн хэдэн сарын турш талбайд гялалзсан тоглолтоо харуулж буй.
Альфонсо Дэвис
(Байерн, 24 нас, 50 сая евро)
А.Дэвис жилд 15 сая еврогийн цалин хүсэж байгаа бөгөөд энэ хүслийг нь багийн удирдлага биелүүлбэл Германд үлдэхэд бэлэн гэнэ. Мөн үүн дээр нэмээд гэрээ байгуулсны бонус 15 саяыг авахаар тооцож буй бололтой. Хэрэв А.Дэвис одоогийн багтаа үлдэхгүй бол Английг зорьж магадгүй. Тэр дундаа “Манчестер юнайтед” түүнийг сонирхож буй ч канад тоглогч өөрөө энэ хувилбарт тийм ч таатай хандахгүй байгаа аж. Учир нь тэрбээр илүү тогтвортой амжилттай “Ливерпуль”, эсвэл Испанийн “Реал”-д тоглохыг сонирхож буй.
Жошуа Киммих
(Байерн, 29 нас, 50 сая евро)
Түүнийг “Реал”, “Барселона” зэрэг топ багтай байнга холбодог. Гэхдээ Испанийн хэвлэлд гарч буй мэдээллээс үзвэл тус улсын шилдэг багууд түүнийг сонирхохгүй байгаа гэнэ. Тухайлбал, “Барселона”-гийн дасгалжуулагч Х.Фликт Жошуаг авах сонирхол байхгүй аж. Харин “Реал” баг ирэх зун түүнийг бус, Т.Арнольд, А.Дэвисийг авах магадлал өндөр юм.
Сон Хюн Мин
(Тоттенхэм, 32 нас, 45 сая евро)
2015 оноос одоогийн багтаа хүчин зүтгэж буй түүнийг өөр тийш явна гэж төсөөлөхөд бэрх. Сэтгүүлч Н.Скирогийн мэдээллээс үзвэл Лондоны баг солонгос тоглогчид 2026 оны зун хүртэлх гэрээг санал болгож магадгүй бөгөөд түүнийг явуулахыг хүсэхгүй байгаа гэнэ. “Барселона” баг түүнийг наснаас нь шалтгаалж сонирхохгүй байгаа “Галатасарай” В.Осимхенд илүүтэй анхаарал хандуулж буй бололтой.
Кевин де Бройн
(Манчестер сити, 33 нас, 45 сая евро)
Энэ улиралд бельги тоглогч талбайд тун бага минутыг өнгөрүүлж буй. Гэмтэл бэртэл нь түүний замналд сөргөөр нөлөөлж байгаа юм. Одоогоор Кевин гэрээгээ сунгах талаар багтайгаа ямар нэг хэлцэл хийж эхлээгүй. “Гэрээний талаар хэлэлцээ эхэлнэ гэдгийг улирлын өмнө би мэдэж байсан. Гэвч гэмтсэн. Хэдэн өдөрт амжиж эдгэнэ гэсэн ч 8-9 долоо хоног эмчлүүлсэн. Тиймээс хэлэлцээг хойшлуулсан юм. Хэрэв гэрээ байгуулж чадахгүй бол энэ жил Манчестерт өнгөрүүлэх миний сүүлчийн улирал байх болно” гэж бельги “шидтэн” өгүүлсэн.
Виржил ван Дейк
(Ливерпуль, 33 нас, 30 сая евро)
Шинэ гэрээний талаар тодорхой мэдээлэл байхгүй тухай нидерланд тоглогч ярьж байв. Сэтгүүлчид түүнээс энэ талаар асуух бүрд тэрбээр хариулахаас эелдгээр татгалзаж буй. Түүнийг Саудын Арабын багууд сонирхож байгаа гэх мэдээлэл бий. “Реал” багт очиж магадгүй гэсэн яриа гарсан ч энэ хараахан батлагдаагүй.
Э.Манлайбаатар