Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) энэ оныг “Олон улсын мөсөн голуудыг хамгаалах жил” болгон зарлаж, мөстөл, мөсөн гол эрчимтэй хайлж буй асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулахаар зорьж буйгаа мэдээллээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хэт халалт, агаарын температурын өсөлт нь мөнх цаст уулсыг “хучлага”-аас нь бүрмөсөн салгаж, мөсөн голууд эргэж сэргэхгүйгээр доройтон, ширгэх нөхцөл болж буйг тус байгууллага ийнхүү зарлав.
Өнгөрсөн оны сүүлчээр болсон, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр экологичид мөнх цас, мөсөн гол хайлан, цэвдэг гэсэж буй асуудлыг онцгойлон хөндөж, байгаль орчны хөтөлбөрүүдэд үүнтэй холбоотой тодорхой зорилтуудыг тусгажээ. 2025 он гэхэд Төв Азийн уулархаг бүс нутгийн мөсөн голуудын тэн хагас нь хайлах эрсдэлтэй гэж судлаачид дурдсан байна. Үүнээс хойш 25 жил өнгөрөхөд дэлхий дээрх нийт мөсөн голуудын тэн хагас нь үгүй болж, олон зуун сая хүн ус, хүнсээр хомсдох эрсдэлтэйг анхааруулжээ. Швейцарын зүүн Альпийн нурууны ноён оргил Пиц Бернинагийн доор орших Чиерва мөсөн голын эзлэхүүн өнгөрсөн онд түүхэнд байгаагүйгаар багассан нь хүн төрөлхтөнд нэг төрлийн сэрэмжлүүлэг болж байна гэж цаг уурчид өгүүлэв. Ташрамд дурдахад, Монгол Улсын усны нийт нөөцийн 10.5 хувийг мөнх цас, мөсөн гол бүрдүүлдэг. Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын хэмжээ сүүлийн 80 жилд 40 орчим хувиар багассаныг тогтоогоод байна.
Н.Мишээл