Өнгөрсөн оны сүүлээр Өмнөд Солонгост улс төрийн байдал нэлээн төвөгтэй болсон нь Ерөнхийлөгч Юн Сок Ёль нь арванхоёрдугаар сарын 3-нд улс орондоо онцгой (дайны) байдал тогтоох тухай шийдвэр гаргасантай холбоотой. Сөүлийн тойргийн шүүх бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Ерөнхийлөгч асныг баривчлах шийдвэр гаргасан юм. Юн Сок Ёль байцаалт өгөх дуудлагыг гурван удаа үл хайхран ирээгүй тул ийм шийдвэр гаргахад хүрсэн байна. Түүнийг энэ сарын 6-наас өмнө баривчлах ёстой аж. Энэ шийдвэр хэрэгжих, эсэх нь тодорхой бус, түүнийг дэмжигчид хийгээд хамгаалагчид саад хийх магадлалтай юм. Мөрдөн байцаагчдыг Ерөнхийлөгч асны өргөө рүү хамгаалагчид нь оруулаагүй явдал бий. Дайны байдал зарлах эрх Ерөнхийлөгчид байдаг тул мөрдөн байцаагчид түүнийг баривчлах үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчид нь мэдэгдсэн. Юн Сок Ёль одоо яг хаана байгаа нь тодорхойгүй гэж мэдээлж байх юм. Ямар ч байсан улсаасаа гарч яваагүй, үүнийг хориглочихоод буй юм. Түүний бүрэн эрхийг өнгөрсөн сарын 14-нд түдгэлзүүлсэн, итгэл үзүүлэх, эсэхийг Үндсэн хуулийн шүүх нь дэмжиж байж уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Гэтэл есөн гишүүнтэй байх ёстой энэ шүүх одоо зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгаа тул Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй Ерөнхий сайд Хан Док Су-г үлдсэн гурван гишүүнд нэр дэвшүүлэхийг парламент санал болгосон. Гэвч тэрбээр энэ үүргийг биелүүлээгүй тул түүнд итгэл хүлээлгэх, эсэх асуудлаар санал хурааж, оронд нь Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Эдийн засаг, санхүүгийн сайд Чхве Сан Мок Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсон.
Ерөнхийлөгчийг баривчлах шийдвэрийг Өмнөд Солонгосын шүүх дэмжжээ. Үүргээ гүйцэтгэж байсан Төрийн тэргүүнийг баривчлах шийдвэр баталгаажсан нь тус улсын түүхэнд анхны тохиолдол юм байна. 1980-аад онд Өмнөд Солонгос ардчилсан улс болсноос хойш дайны байдал зарласан нь ч бас эхний тохиолдол аж. Юн Сокын хэлснээс үзвэл түүнийг эсэргүүцэгчид нь Умард Солонгосын талыг баримтлагчид бөгөөд төлөвлөсөн ажлаа хийхэд нь саад болоод байсан тул дайны байдал зарлах шаардлагатай болжээ.
Энэ сарын 3-нд мөрдөн шалгах байгууллагууд Юн Сок Ёлийг баривчлахаар албан байранд нь очиход Үндэсний аюулгүй байдлын албаны удирдлага саад хийжээ. Сүүлд нь Юн гаргасан шийдвэрээ цуцалж, уучлалт хүссэн юм. Онцгой байдал зарлахыг санал болгосон Батлан хамгаалахын сайд Ким Ен Хен албан тушаалаасаа огцорсноор зогсохгүй саатуулагдаад байхдаа амиа хорлохыг оролдсон байна. Ерөнхийлөгч асны нэр хүнд буурсан тул намаасаа гарахыг эрх баригч “Иргэний хүч” намын дарга Хан Дон Сун шаарджээ. Ерөнхийлөгч асан намын гишүүн байх нь олон түмний хурц маргааны сэдэв болоод байгаа аж. Юн Сок Ёльд итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураахыг 300 депутаттай парламент нь нэгэн дуугаар дэмжсэн байна.
Юн Сок Ёлийг өнгөрсөн сарын 8-нд баривчилсан гэж Өмнөд Солонгосын прокурорын байгууллага мэдээлсэн гэх сураг байна. Үүнд иргэдийн хүсэлт, шаардлага ихээхэн нөлөөлжээ. Энэ бүхний хажуугаар Ерөнхийлөгч асныг эсэргүүцэгч болон дэмжигчид гэсэн хоёр янзын жагсаал цуглаан болж байгаа аж. Юныг албан тушаалд буцаан томилох боломж Үндсэн хуулийн шүүхэд нь хадгалагдаж байдаг. Итгэл эс үзүүлэх шийдвэр гаргахад шүүхийн гишүүдийн доод тал нь зургаа нь дэмжсэн санал өгсөн байх ёстой юм.
Ерөнхийлөгч асныг баривчлахаар албан өргөөнд нь өндөр албан тушаалтны авлигын хэргийг мөрдөн шалгах газрын 30 ажилтан, 120 цагдаа очжээ. Хууль сахиулагчид, цэргийнхэн болон Төрийн тэргүүний байр, биеийг хамгаалагчдын хооронд мөргөлдөөн болов. Юн Сок Ёлийг баривчлах зөвшөөрлийг үзүүлэхэд Төрийн тэргүүний хамгаалалтын албаны дарга нэгжлэг хийх нь хууль зөрчсөн үйлдэл болно гэж мэдэгджээ. Тэгвэл Ерөнхийлөгч асныг баривчлахад саад хийх оролдлогыг “бослого, тэмцэл зохион байгуулахад хамтран оролцсон гэж үзэхээс өөр аргагүй” хэмээн Үндэсний хурал дахь АН-ын “Тобуро” фракцын удирдагч мэдэгдсэн байна. Юн Сок Ёлийг буруутгаж буй нэг үндэслэл нь “эх орноосоо урвасан” гэх заалт юм. Үндсэн хуулийн шүүх итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураах хүртэл Юн Сок Ёлийг албан тушаалаасаа түр хугацаагаар огцорсонд тооцож буй юм.
Юн Сок Ёль дайны байдал тогтоох шийдвэр гаргах болсон шалтгаануудын нэг нь парламент дахь сөрөг хүчний намуудтай хэл амаа ололцохгүй байснаас 2025 оны төсвөө баталж чадахгүйд хүрсэн явдал юм. Мөн төрийн өндөр албан тушаалын хэд хэдэн ажилтанд итгэл үзүүлэх, эсэхийг шийдвэрлэхийг сөрөг хүчин нь шаардаж байв. Улс орондоо онц байдал тогтоох гэсэн шийдвэр нь парламентын дэмжлэг хүлээгээгүй тул улс төрийн аливаа үйл ажиллагааг хориглосон байсан ч түүнийг маргааш (арванхоёрдугаар сарын 4-нд) нь л цуцалсан юм. Үндсэн хуулийн дагуу депутатуудын шийдвэрт Ерөнхийлөгч захирагдах ёстой.
Эх орноосоо урвах нь Ерөнхийлөгчийн халдашгүй байдлыг харгалзаж үздэггүй цорын ганц шалтгаан юм. Ийм хэрэг хийсэн хэнийг ч цаазын ял хүлээж байдаг. Итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураах нь бүрэн эрхээ буруу ашиглаж, бослого тэмцэлд оролцсон гэх мэт хэрэгт оноодог шийдвэр юм.