Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар манай улсад өнөөдөр хүрэлцэн ирнэ. Ерөнхийлөгч, Др.Наташа Пирц Мусар болон түүний нөхөр Алеш Мусар нарыг угтан авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд 10.40 цагт болох юм. Улмаар Төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцахаар төлөвлөжээ. Мөн хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох аж. Үүний дараа Ерөнхийлөгч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. Айлчлалын үеэр Словени улсын Ерөнхийлөгч Улаанбаатар хотод болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын нээлтэд оролцох нь.