Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Уг тушаалын дагуу уржигдар орой түүний ажлыг хүлээлцүүлэх арга хэмжээг холбогдох албан тушаалтнууд авч, Дотоодын цэргийн штабын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус штабын дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэлийг томилсон байна.
Дотоодын цэргийн тухай хуулийн 6.1.4-т “Дотоодын цэргийн командлагчийн саналыг үндэслэн дотоодын цэргийн штабын даргыг томилж, чөлөөлөх” эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад олгосон учраас уг заалтыг үндэслэн бригадын генерал Р.Чингисийг чөлөөлсөн аж. Харин түүний оронд хэнийг томилохоо ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболдтой зөвшилцөж байж шийдвэрлэх гэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой түлш” ХХК-д ажиллах үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж буй компанитай тэд холбоотой. Ц.Элбэгдоржийн 2014 онд гадаадынхантай тохирсон хэлцэл үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс одоо ирж хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байгаа” хэмээсэн билээ. Ерөнхий сайдын энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.