Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний Тамгын даргаар нь ажиллаж байсан, “Ачит ихт” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Цагаан нарыг хууль сахиулах байгууллагынхан эрүүгийн нэг бус хэрэгт холбогдуулан шалгаж буй билээ. Энэ хүрээнд тэднийг албадан саатуулах захирамж шүүгч гаргаад байсан. Тэгвэл НПГ-аас Прокурорын тухай хуулийн 14.1.6-гийн “Таслан сэргийлэх арга хэмжээ авах, дуудан ирүүлэх, баривчлах, албадан ирүүлэх үндэслэл, шаардлага байгаа эсэх”-д хяналт тавих прокурорын чиг үүрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-2.9 дэх заалтад заасан “Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлэх” заалтыг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай санал гаргасан аж. Уг саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 6-нд хүргүүлснийг 7-ны 9.00 цагт хянан хэлэлцсэн юм.
Тэднийг баривчлах саналыг хүчингүй болгуулах саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгч, өмгөөлөгч нар ч прокурорын байгууллагад хүргүүлээд байсан аж. Үүнийг нь НПГ-аас хүлээн аваад үндэслэлтэй гэж үзэн шүүхэд санал хүргүүлсэн юм байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай прокурор, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад тэдний санал, өмгөөлөгчийн хүсэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны тавдугаар сарын 17-ны дээрх захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Ц.Элбэгдорж, П.Цагаан нар хилээр чөлөөтэй орж гарах эрх нь нээлттэй болж буй юм.